Монгол, БНХАУ, ОХУ-ын Ерөнхий сайд нар уулзлаа

Ж.Номин
2024-10-16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Пакистан Улсыг зорьсон. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзсан байна.  

Тэд гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, чиглэлээр ярилцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох зэрэг саналыг дэвшүүлэв.

ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe