ЭХЭМҮТ 500 саяын хандив авсан гэнэ үү

.
2024-10-23

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв буюу “эх нялхсын эмнэлэг” нь хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр улсдаа ганц гэж хэлж болохуйц төрөлжсөн, мэргэжлийн эмнэлэг юм.  Тус эмнэлэгт 1100 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд ажилладаг бөгөөд хоногт 400 орчим хүүхэд, мөн тооны эхэд эмчилгээ, эрүүл мэндийн тусламж хүргэн ажилладаг. 

Эх, хүүхдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэн, орчин үеийн багаж, тоног, төхөөрөмжөөр үйлчлэхэд туслах зорилгоор “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК компани салбар байгууллагуудтайгаа хамтран тус эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлажээ. 

Хандиваар өвчтөний хяналтын монитор, судас тодруулагч гэрэл, нярайн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зүрхний эхо аппарат, эм хадгалах хөргөгч, электрон дэлгэц, яаралтай тусламжийн тэргэнцэр,тариурын автомат шахуурга зэрэг 500 сая төгрөгийн үнэ бүхий 20 нэр төрлийн 101 тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгчээ.

Эх, нялхсын эрүүл мэндийн төлөө сайхан сэтгэлээр хандивын гараа сунгасан “И-Коммодит Монголиа” гэх компани нь нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 

Түүнчлэн Монгол Улсын төсөвт төвлөрүүлж буй татвар төлөлтөөрөө ТОП-100 аж ахуйн нэгжээс 24 дүгээрт эрэмбэлэгддэг байна. Компанийнх нь удирдлагууд ажилчидтайгаа хамтран нийгмийн сайн сайхны төлөө тодорхой хуваарьт ажлуудыг шат дараатай хийдэг гэнэ. 

Төхөөрөмжүүд гардуулах үеэр “И-Коммодит Монголиа” компанийн дэд захирал Ш.Нэргүй

Эмнэлгийн үйлчилгээ чанартай, шуурхай байвал үр дүнд нь эх, хүүхэд эрүүл, аюулгүй байна хэмээв.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ш.Алтантуяа

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө ганц тангараг өргөсөн эмч, сувилагчид санаа зовниж, цаг наргүй ажилладаггүй юм. Үндэсний томоохон аж ахуйн нэгж, компаниуд, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүх салбарт хувь нэмрээ оруулдаг болсныг манай эмнэлэг амжилттай хэрэгжсэн энэ төсөл харуулж байна.   Орчин үеийн, өндөр үзүүлэлт бүхий техник хэрэгсэлтэй болсноор эмч  сувилагчдын ажиллах орчин сайжирч, эх, нялхсын эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт болж байна гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe