Хоёр сайдын яриагаар бол МАН тарах хуулийн болзлоо хангачихсан

Н.Саруулдөл
2026-09-21

МАН-ыг тарах, МАН дотроос фракц салж өөр нам байгуулах зэрэг сэдвээр ойрын хугацаанд Н.Номтойбаяраас өөрөөр дуулдаж байсангүй. Н.Номтойбаярын хувьд МАН-аас гарч, Үндэсний эвслийг байгуулсан ч одоо эргээд МАН-даа элсэх талаар ярьж байгаа. Харин нам тарах, фракц нь салж өөр нам байгуулах асуудалтай байнга нүүр тулдаг нь Ардчилсан нам. Тус намын тамга тэмдэгний маргаан дээд цэгтээ хүрч ахуйд Ардчилсан намаас салан тусгаарласан зарим гишүүн Монголын ардчилсан холбоо гэх намыг байгуулах нь гэх шуум Төрийн ордонд гардаг байлаа. 

Намыг үүсгэн байгуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж болдог шиг намыг тарааж ч бас болдог. Хуульд зааснаар нам өөрөө татан буугдаж болно. Тэд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй боллоо гэсэн үед намын удирдах дээд байгууллага санал дүгнэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлснээр процедур цааш өрнөнө. Энэ яах вэ, энэ бол намын хувьд ч, намын гишүүдийн хувьд ч харьцангуй нэр цэвэр зүйл. 

Харин намыг төрөөс албадан тарааж болдог. Улс төрийн намын тухай хуульд зааснаар дараах гурван нөхцөлд Сонгуулийн ерөнхий хороо Улсын дээд шүүхэд энэ намыг тараая хэмээх саналыг гаргана. Үүнд, 

  1. Тус нам Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулсан тохиолдолд,
  2. Тус нам Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулсан тохиолдолд,
  3. Тус нам зэвсэглэх эсхүл цэрэгжих, цэрэгжсэн бүтэцтэй болох, үймээн самуун дэгдээх, зорилгоо хүчирхийллийн замаар гүйцэлдүүлэх гэсэн гурван нөхцөл. 

Аливаа нам дээрх гурван заалтын аль нэгийг зөрчсөн байж болзошгүй тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо үндэслэл бүхий санал гаргаж, холбогдох нотлох баримт, хуралдааны дэгийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлэх хуультай. Ингэхдээ СЕХ нийт гишүүний дөрөвний гурвын саналаар гаргах ёстой. Одоогийн зохицуулалтаар бол СЕХ нийт 9 гишүүнтэй бөгөөд дор хаяж 7 гишүүн нь дэмжиж байж уг саналыг гаргах боломжтой болно гэсэн үг. Ийнхүү Дээд шүүх уг саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор нийт шүүгчдийн хуралдаанаар хянан хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. Ийм процедур өрнөх хуультай билээ. 

Тэгвэл энэ хуулийн дагуу МАН тарах хуулийн болзлоо хангачихсан юм биш үү гэх асуултыг тавих шаардлага үүслээ. Учир нь, МАН-ын гишүүнчлэлтэй хоёр сайд дээрх гурван заалтаас хоёр нь зөрчигдсөн талаар ярьсан билээ. 

  1. МАН Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулсан уу

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохынхоо өмнө Монгол Улсын дархан хилийн 34 мянган га газрыг хувийн хэвшлийн компанид хууль зөрчиж олгосон талаар Г.Занданшатарын Засгийн газар мэдэгдсэн. 

Энэ талаар тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр мэдээлж байсан бөгөөд хилийн зурвас газрыг хууль зөрчин шууд гэрээ байгуулж, бусдад давуу эрх олгон онц их хэмжээний ашиг олж, Үндсэн хууль, үндэсний аюулгүй байдал, улсын язгуур эрх ашгийг нулимсан учраас гэрээг хүчингүй болголоо гэж мэдээлсэн юм.

Ингээд зогсохгүй эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлж, урвуулан ашигласан албан тушаалтнуудыг шалгаж, хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон. 

Үүний хариуд Боомтын сайд асан Б.Тулга “Дархан хилийн аюулгүй байдал гэх үгийг улс төрийн зорилгоор, хэн нэгнийг харлуулах халхавч болгон ашиглаж, боомтын хөгжлийн бодлогыг сааруулах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бүх ажил хуулийн дагуу байсан. ХЗДХ-ийн сайд хариуцлалагүй, ташаа мэдээлэл тараасан” хэмээн мэдэгдсэн юм. 

Энэ оны эхээр болсон уг хэрэг одоо ямар шатанд яваа нь тодорхойгүй байна. Б.Энхбаярын яриагаар бол МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулсан. Хэрэв энэ үнэн бол МАН хуулийн дагуу тарах болзлоо хангасан гэсэн үг. 

  1. МАН зэвсэглэж, цэрэгжиж, үймээн самуун дэгдээхээр оролдсон уу

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас саяхан буусан С.Амарсайхан маш ноцтой зүйлийг хэлсэн. Тэрээр “Төрийн цэргийн байгууллага хууль бусаар улс төрийн акц хийж, Үндэсний аюулгүй байдлын эсрэг төрийн цэргийн байгууллагыг ашиглаж, тэр битгий хэл хорих ангиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, ард түмний эсрэг, төрийнхөө эсрэг дайчлах гэж байсан. Ийм этгээдүүдийг би шалгуулна” хэмээн мэдэгдсэн. 

С.Амарсайханы хувьд ШШГЕГ-ын дарга асан А.Намсамандыг уг хэрэгт буруутгаж буй бөгөөд Б.Энхбаяр сайдын холбоо хамаарал бүхий хүн гэж мэдээлсэн юм. 

Улс төрийн хүрээнд УИХ дахь МАН-ын гишүүд 30, 38-аар хуваагдсан гэж ярьж байгаа. С.Амарсайхан бол 30-ийн бүлэг, Б.Энхбаяр бол 38-ын бүлэг билээ. Тус хоёр бүлгийн зөрчил улам хурцдаж буй бөгөөд С.Амарсайханы хийсэн дээрх мэдэгдэл нь 38-ын бүлэг рүү хийсэн цохилт байсан. Энэ утгаараа МАН-ыг цэрэгжиж, зэвсэглэж төрийн эрхийг авахыг оролдсон юм биш үү гэх хардлага үүснэ. 

Тиймээс ийм аюултай хоёр яриаг үнэн үү, худал уу гэдгийг эцэслэн тогтоох хуулийн шаардлага үүсээд байна. 

Хэрэв хоёр сайд худал хэлсэн бол МАН ард иргэдийг айдсаар удирдаж байгаагаа өөрсдөө нотолно. 

Учир нь, улс төрчид нэгнийгээ дарж авахын тулд ард түмний дэмжлэгийг хүсдэг. Хэн нь ард түмний, олон нийтийн дэмжлэгийг авч чадсан нь ялдаг. Гэвч ард түмний дэмжлэгийг авахын тулд “аюул тулгарч байна”, “эсэргүүцвэл хор уршигтай”, “төр л хамгаална” гэсэн айдас, заналхийлэл, дарамтаар дуулгавартай байлгахыг тэд хичээж байна. Ингэж айдсаар удирдуулсан нийгэмд хүмүүс төрийн хэлснийг үнэхээр зөвшөөрсөндөө бус, эсэргүүцэхээс айсандаа зөвшөөрч байгаа мэт харагдаж эхэлдэг. Ингэснээр төр иргэдийнхээ бодит санаа бодлыг мэдэх чадвараа алдаж, иргэдийн эрх чөлөө хязгаарлагдаж, урт хугацаанд төрд итгэл итгэл алдардаг аюултай. 

Хэрэв энэ хоёр сайд үнэн хэлсэн бол 

  • Нэгдүгээрт, Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учирсан гэсэн үг. 
  • Хоёрдугаарт, дотоодын эргэлт гарах гэж байсан гэсэн үг. 
  • Гуравдугаарт, Монголын хамгийн ууган нам, Монголын хамгийн том улс төрийн хүчин хуулийн дагуу тарах ёстой гэсэн үг.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe