Үг, үйлдлээ цэгнээгүй улстөрчид

Ж.Номин
2024-10-25

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин

“Тэрэлж” зочид буудалд 50 сая төгрөгөөр “2025 оны Төсвийн хэлэлцүүлэг” зохион байгуулсан, энэ оны эхний 10 сард 344,618,595₮ төгрөгийн тийз худалдан авч, бусад яамнуудаа манлайлсан” гэх асуудлаар хүчтэй шүүмжлэлд өртөөд буй. Тэрбээр "Би өнгөрсөн жил 20 хүрэхгүй томилолтод явсан. Би Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулж байна" гэх тайлбарыг өгчээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун

“Хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд нүхэн жорлонд бие засдаг байсан болохоор хотод ирээд ариун цэврийн өрөөгөө цэвэрхэн ашиглаж чаддаггүй” гэж хэлээд шүүмжлэлд өртсөнийхөө дараа уучлал гуйв. 

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр

Түүний удирддаг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын мэргэжилтнүүд “улсын төсвийн 55 сая төгрөгөөр онгоцны тийз авч, Вьетнамын Фукуок арал руу туршлага судлахаар явсан” гэх асуудлаар шүүмжлүүлж байна. Харин тэр "Фукуок явсан хүмүүсийг зугаалах гэж явсан уу, туршлага судлах гэж явсан уу гэдгийг шалгана" гэх тайлбарыг өгчээ.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц

"Би 88 оны шороон луу жилд төрсөн. Одоо 40 нас хаяанд ирж, зарим дүү нар ахмадын баярын мэнд хүргээд, дотуур өмдөндөө ороод, жаахан айдас хүйдэстэй л байна. Тэтгэвэрт гарах нас ойрхон санагддаг болчихсон. Хүн амын суваргаар харахад манай үеийнхэн хамгийн олуулаа. 20-иод жилийн дараа биднээс хамаагүй цөөхөн, доод үе буюу Gen Z нарын төлсөн НДШ-ээр амь зуух болчхоод байна. Тэгж бодохоор бас жаахан айдас хүйдэстэй байна" гэв. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай

Энхтайваны гүүрнээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг засварлахад тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудалд Хотын даргын шинэхэн орлогч Т.Даваадалай дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр “Инженер хүмүүс хариуцлагын алдаа гаргасан байна лээ. Гэхдээ тийм аймар хүн алсан ч юм уу хүндрэлтэй асуудал биш. Засагдаж болдог алдаа гэсэн үг” гэв.

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара намын даргыгаа сонгуулийн дараа санхүүгийн тайлан, тооцоогоо танилцуулаагүй, УИХ-ын чуулганд суудаггүй хэмээн шүүмжилсэн. Харин намын дарга нь Үндэсний хороогоо хуралдуулж,  Нараг дэд даргынх нь албан тушаалаас буулгаж, түүнийг намаас хөөх санал гаргасан. Ийнхүү нам доторх зөрчилдөөн сошиалыг хэсэгтээ шуугиулж, Нараг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах уу гэх асуулт хөвөрсөн. Харин ИЗНН-ын дарга Б.Батбаатар "УИХ-д сонгогдсон ИЗНН-ын гишүүдийг ямар ч асуудал үүсгэсэн намаас хөөхгүй" гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe