Шинээр автомашины дугаар авахын тулд 5 шаардлага хангах ёстой

Ж.Номин
2024-10-25

Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Харин нийслэл 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байж 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой аж. Энэ хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгох гэнэ.

Тодруулбал, нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.  

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  4. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
  5. Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьжээ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Үүнд, 

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн 
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно.

Ташрамд, автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох журмын дагуу гурван жил болон түүнээс дээш хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 57 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан ба эдгээрийн дугаарыг шалгуур үзүүлэлт хангасан автотээврийн хэрэгсэлд шилжүүлэн өгөх боломжтой. Мөн Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр нийслэл хотод техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орох хугацаа хэтэрсэн Улаанбаатар хотын бүртгэлийн дугаартай 81,961 тээврийн хэрэгсэл байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe