БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнууд өөрийн дансандаа үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлсэн байна.
Үүнээс үүдэн Хятадын хууль хяналтын байгууллагаас “дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох асуудал сүүлийн үед нэлээд гарч байгаа” хэмээн мэдээлжээ.
Уг асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Манай ГХЯ болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас сэрэмжлүүлэг гаргасан. Уг хэрэг одоогоор шалгагдаж байгаа. Бидэнд эцсийн байдлаар мэдээлэл ирээгүй байна. Сүүлд авсан мэдээллээр хоёр Монгол оюутан шалгагдаж байгаа юм билээ. Тэдгээртэй холбоотой хүмүүсийг олж тогтоогоогүй байна" гэв.
Иймд БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөн тэмдэгтийн улс хоорондын гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж, өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг ЭСЯ-наас анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх