Тойрогтоо 5 тэрбум суулгах санаалчилга Үндсэн хуультай харшилдах уу

Ц.Чимэдцэеэ
2024-10-28

УИХ-ын намрын чуулган эхлээд, 5 дахь долоо хоногтойгоо золгож буй.

Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын 2025 оны төсөв батлахтай холбоотой ар араасаа маргаан дагуулсан сэдвүүд сөхөгдөж байна.

Тов ёсоор өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо 5 тэрбум төгрөг төсөвт суулгах талаар санаачилга гаргасан аж. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд хариулахдаа "Сонгогчдын зүгээс гишүүдэд санал тавьсан учраас" хэмээж байлаа.

Санаачилга гаргасан гишүүд сонгогдсон тойргоо бус нийт ард түмнээ төлөөлөн бодлого, шийдвэр гаргах ёстой ч "Миний сонгогчид бол миний асуудал. Бусад нь хүнийх" гэсэн сэтгэлээр хандаж байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" хэмээсэн.

Засгийн газрын өргөн барьсан төсөв хэт үрэлгэн, стратегийн чухал асуудлаа хойш тавьж, судалгаа шинжилгээ муутай байгаа талаар нэг бус удаа чуулган, байнгын хорооны хуралд зэмлэл хүртээд буй.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байхад, Ховд аймагт кино театр барина хэмээн төсөвлөсөн Ч.Номин сайд багагүй шүүмжлэл хүлээсэн. Энэ асуудлын утга учиг тайлагдаж амжаагүй байхад улсын бодлого тодорхойлох хүмүүс "жалга довын" үзлээр нийт ард түмнээ ялган заагласан төсөв өртөг ярих нь зохимжтой эсэхэд шүүмжлэлтэй хандах ёстой.

Энэ мэт тойргоо тордож, улсаа умартдаг үзэгдлийг халахаар өнгөрсөн сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулж, гишүүдийн тоог нэмж байсан нь саяхан.

Тэд тангараг өргөхдөө  "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээдгийг дахин сануулъя.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe