Өнөөдөр Улаанбаатар хотын 385 жилийн ойн өдөр тохиож байна. 385 жилийн босгон дээр бидний амьдарч байгаа хот утаатай, түгжрэлтэй, модон жорлонгоосоо салаагүй, хүртээмжгүй гээд олон асуудалтай зогсож байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хулгай, алдаатай бодлого шийдвэрүүд ийм нөхцөл байдалд хүрэхэд том нөлөө үзүүлсэн.
Гэхдээ бүх зүйл төрийн буруу юу гэвэл үгүй.
Жишээлбэл, түгжрэлийг машин унаж яваа иргэн үүсгэж, утааг гал түлж байгаа айл ялгаруулдаг. Гудамжинд хөглөрч байгаа хогийг Хотын дарга эсвэл ТҮК-ийн ажилтан хаядаггүй. Сүрэглэн тэнэж яваа нохдыг би лав өсгөж, үржүүлээгүй. Гонгинож байгаа юм биш. Харин тулгамдсан асуудлыг бид өөрсдөө хамтдаа бий болгодог гэдгийг хэлэх гээд байгаа юм. Өөрсдийгөө асуудлын шалтгаан гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. Тэгж байж бид цааш алхана. Өөрөө асуудлын шалтгаан гэдгээ ойлгохоо байтлаа шүүмжилцгээж, шийдэж өгөхийг шаардана. Шийдье гэхээр эрх, эрх чөлөө ярьж, дургүйцнэ. Ингээд олны дургүйцлээс айсан улс төрчид аргацаасан, хуурсан шийдвэрүүд гаргаж, тэр нь асуудлыг улам томруулсаар өдий хүрлээ.
Нэг жишээ. “Модон жорлонгоосоо салалгүй 385 жил боллоо…” гэх шүүмжлэл их хоржоонтой. Шүүмжилье гэсэн хүнд их "гоё" сонсогддог л доо.
Гэхдээ Улаанбаатар хотыг модон жорлонгоос салгах нь түүнд бааж байгаа айлын шийдэх асуудал.
Айлын хашаанд очиж жорлонг нь ухаж өгөх нь төрийн хийх зүйл биш гэж би боддог. Гэхдээ төрийг төлөөлж, холбогдох яам нь төсөл хэрэгжүүлж, айлуудын модон жорлонг сольж, зуухыг нь сайжруулж, янданг нь хүртэл хөөлж өгдөг марзан түүх одоо ч үргэлжилж байгаа. Тодорхой ашиг сонирхол байдаг л байх.
Бас бүгд дор бүрнээ хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьдаг. Галын машин явахааргүй шамбааралдсан газарт орц гарц нээчихье гэхээр "Би машинаа хаана тавих вэ" гээд ажил явуулахгүй эсэргүүцээд байгаа хүмүүс ч байна. Явган хүний зам хааж өргөтгөл барьчхаад буулгана гэхээр "алаад буулгаарай" гээд зогсож байгаа хүнтэй ч таарч л явна. Ажил хийхэд асуудал их байна шүү.
Товчхондоо Улаанбаатар хотын өнөөдрийн асуудлыг бид хамтдаа үүсгэж байгаа.
Шийдье гэвэл хамтдаа л шийднэ. Гэхдээ эхлээд асуудлын шалтгаан бид өөрсдөө гэдгээ хүлээн зөвшөөрөх хэмжээний ухамсартай болох ёстой байх.
Яах вэ бид нэг дор бөөгнөрч амьдарч эхлээд тун удаагүй үндэстэн. Хүний насаар бол багагүй хугацаа хэдий ч хувьсал, хөгжлийн хувьд богино. Бид хамтдаа бөөгнөрч, эвтэй найртай амьдарч сурах гээд л зүтгэж байна. Удаан ч хамаагүй урагшилж байгаа.
Үнэндээ Улаанбаатар хот хөгжөөгүй шалтгаан бол төсөвтөө томдсон их ачаалалтай 30 жил явж ирсэнтэй холбоотой. Хүн амынхаа тал нь төвлөрсөн гэдэг нь асуудлын тал нь гэсэн үг. Гэтэл жилд 50 хүрэхгүй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал тусгаж иржээ...
Н.СУГАР
Сэтгэгдэл үлдээх
Төр гэхээсээ хот зохион байгуулалт хотын даргадаа юм болуудаа анхнаасаа ингэж их хүнтэй болохоорч байгуулаагүй
Төгс
Дэмжих үү?
0 0