2026.05.19 Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны танхим нэг асуудалд багтсан хоёр өөр айдастай нүүр тулав.
Нэг талаас худал мэдээлэлд гүтгүүлж, амьдрал нь сүйрсэн ч хандах газаргүй жирийн иргэн. Нөгөө талд албан тушаалтныг шүүмжлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө гэмт хэрэгтэн болж мэдэх сэтгүүлч. Эрүүгийн хуульд "Гүтгэх" заалт оруулах эсэх маргаан агуулга яг энэ хоёр айдсыг хэрхэн зэрэгцүүлэн тэнцвэржүүлэх вэ гэдэгт оршино.
Гэмт хэрэг болсон түүх
2002 он Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг тус тусад нь зааж, ялгаатай хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байсан.
2015-2017 он Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулахдаа дээрх хоёр гэмт хэргийг халж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг болгосон.
2020 он Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу "Худал мэдээлэл тараах" гэмт хэрэг болж орсон.
2026 он Үндсэн хуулийн цэц дээрх гэмт хэрэг нь ерөнхий ойлголтын дор хоёрдмол утгатай, гэмт хэргийн хүрээг хэт өргөн тайлбарлах боломж олгосон, ямар хүрээг хамрах нь тодорхойгүй, яаж ч тайлбарлагдах боломжтой зэрэг үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 10 дугаар дүгнэлт гаргасан.
Сэтгүүлч, иргэний нийгмийн зүгээс ч уг заалтыг эрх мэдэлтнийг шүүмжилсэн иргэн, сэтгүүлчдийн эсрэг ашигладаг, үзэл бодлоо илэрхийлэхээс эмээх буюу “хүйтэн нөлөө” үүсгэдэг гэж шүүмжилсээр ирсэн билээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл ч энэ талаар Монголд удаа дараа зөвлөмж өгсөн байдаг.
Улмаар Цэцийн дүгнэлтээр УИХ хууль зүйн хувьд дээр дурдсан асуудлыг арилгаж, хийдэлгүй хууль батлах тодорхой үүрэг хүлээсэн.
Х.Тэмүүжиний төсөл
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэргүүтэй ажлын хэсэг Цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх төсөл боловсруулсан.
Хэт өргөн хүрээнд тайлбарлах эрсдэлийг хаав.
Эрүүгийн хуульд 14.10 дугаар зүйлд "Гүтгэх" гэмт хэргийг нэмэхээр тусгасан.
Хүний нэр төр, алдар хүндэд халдсан худал, хуурамч мэдээллийг мэдсээр байж, эсхүл зориуд бэлтгэж олон нийтэд тараасны улмаас хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцно. Ял нь гурван шатлалтай.
Гэхдээ төслийн нягт ажилласан хэсэг нь "Тайлбар" хэсэг юм. Энд гол нэр томьёо бүрийг тодорхойлсноос гадна, юуг энэ гэмт хэрэгт тооцохгүй болохыг жагсаасан байна.
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн үзэл бодол, хуульд нийцсэн хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, нийтийн албан тушаалтныг албан үүрэгтэй нь холбогдуулан хардаж сэрдсэн, эсхүл шүүмжилсэн тохиолдол, олон нийтэд илэрхий эх сурвалж, эсхүл тухайн үедээ үнэн гэж итгэх бодит үндэслэлд тулгуурласан мэдээлэл, үнэн, худлыг тогтоох боломжгүй үнэлэлт, дүгнэлт, бусдын нийтлэлийг агуулгыг нь өөрчлөхгүйгээр дахин түгээсэн зэрэг багтжээ.
Мөн нийтийн албан тушаалтан өөрийнхөө талаар сөрөг мэдээлэлд тайлбар хийх үүрэгтэй.
Гэвч уг мэдээллийг худал болохыг үндэслэлтэй тайлбарласны дараа ч мэдээлэл тараасан этгээд удаа дараа түгээвэл сая гэмт хэрэгт тооцно гэсэн.
Хардаж сэрдэн нэг удаа шүүмжилсэн нь буруу болж таарсан нь гэмт хэрэг биш. Харин залруулга хийсний дараа санаатай дахин дахин түгээх нь сая гэмт хэрэг болно хэмээн ойлгогдож буй.
Гэвч энэ төсөл унасан.
Байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 19-ний хуралдаанаар хоёр хувилбараар санал хуураасан буюу дээрх төслийг хэлэлцүүлэх асуудлыг хоёрдугаарт тавьж, эхнийх нь Засгийн газарт шинээр төсөл боловсруулан танилцуулах чиглэл өгөх байв.
Санал хураахын өмнө Хууль зүйн байнгын хороон дарга Д.Цогтбаатар: "Ажлын хэсэг маш сайн ажилласан. Хоёр том хурал хийсэн. Сөрөг хүчнээс Х.Тэмүүжин гишүүнээр энэ асуудлаар ахлуулж ажиллуулсанд баяртай байна. Миний бодлоор Эрүүгийн хууль, төсөв зэрэг асуудлыг ЗГ оруулж ирэх нь зөв. Гэхдээ сэтгүүлчдэд хандаж хэлэхэд гүтгэх заалт Эрүүгийн хуульд орж ирнэ шүү. Харин Засгийн газраас боловсруулахдаа маш сайн санал авах хэрэгтэй. Герман, Итали, Япон зэрэг ихэнх оронд энэ заалт байдаг" хэмээн хэлсэн.
Ийнхүү эхний хувилбар дэмжигдэж, гүтгэх заалтын ямар байдлаар хуульд тусгах нь Засгийн газрарт шилжихээр болсон. Дээрх асуудал өгчигдөр Чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэгдэв.
Гүтгэх заалт байх ёстой үндэслэл
Эхнийх нь жирийн иргэдийн бодит хохирол.
Эрх мэдэлтэн, улстөрчдийн хэрэг маргаан олны анхаарал татдаг ч, гүтгэлгийн жинхэнэ золиос нь ихэвчлэн нэр нөлөөгүй жирийн хүн байдаг гэж дэмжигчид үздэг. Цахим орчинд нэг хүний талаар санаатай худал мэдээлэл тарааснаас үүдэн гэр бүл нь сүйдэж, эрүүл мэнд, амь насанд нь хүртэл аюул учирсан жишээ цөөнгүй. Тийм хохирогч нь эрхээ сэргээлгэх боломжгүй, хохироосон этгээд нь ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэх эрсдэлтэй.
Хоёрдугаарт, олон улсын жишиг.
Герман, Итали, Япон зэрэг ихэнх ардчилсан оронд гүтгэлгийн эсрэг эрүүгийн хариуцлага ямар нэг хэлбэрээр байдаг нь үнэн. Хүн гүтгэхэд огт ял байдаггүй орон дэлхийд цөөхөн. Энэ утгаараа, Эрүүгийн хуульд гүтгэх заалт байх нь өөрөө "ардчилалд харш" зүйл биш. Харин иргэний эрхийг хамгаалах, сэргээлгэхэд чиглэсэн бодит эрх зүйн хэм хэмжээ болохоор байна.
Х.Тэмүүжин гишүүн чоно байлаа гэхэд Засгийн газар бар байвал яана
Байнгын хороонд дээрх асуудал яригдаж байх зуур сэтгүүлчид эсэргүүцэж, МСНЭ нэгдсэн байр сууриа илэрхийлээд амжсан.
Гэвч одоогийн байдлаар гүтгэх заалт Эрүүгийн хуульд орж ирэх нь тодорхой.
Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын дарга С.Бямбацогт хоёулаа Засгийн газарт энэ чиглэлээр төсөл боловсруулж оруулахыг үүрэг болгосон. Сэтгүүлчдэд хандаж "заалт орж ирнэ шүү" гэж шууд хэлсэн ч, "сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдахгүй" гэсэн улс төрийн баталгаа давхар өгсөн.
Эрүүгийн хууль, төсөв зэрэг суурь асуудлыг Засгийн газар санаачлан боловсруулах нь хууль тогтоомжийн логикт нийцдэг, илүү нягт, мэргэжлийн бэлтгэлтэй явах боломж нээгддэг хэмээн хууль тогтоогчид үзэж байна.
Гэхдээ ажлын хэсэг олон сар зарцуулж, нягт боловсруулсан төсөл хэрэгжихгүй хойшилж, шинээр эхлэхэд цаг хугацаа алдагдаж, дараагийн төсөл нь чанарын хувьд дордох эрсдэл бий. Шинэ төслийг хэн, ямар чадамжтайгаар боловсруулах нь эцсийн үр дүнг шийднэ.
Засгийн газар буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы манлайлал энэ заалт хаашаа чиглэхийг тодорхойлно гэсэн үг.
Түүний хувьд хотын захиргаа, гүйцэтгэх засаглал, дэд бүтэц, онцгой байдал, гадаад харилцаа дээр төвлөрөн ажиллаж ирсэн улс төрч.
Ковидын үеийн төсвийн үрэлгэн зохицуулалт, эдийн засаг хүндэрсэн асуудал, төв талбайн урд талын ногоон байгууламжийн оронд ус зөөж ажиллуулах давхар зарлагатай усан оргилуур байгуулсан зэрэг асуудал түүнийг нэрийг дагаж ирсэн.
Хууль тогтоомж боловсруулах, эрх зүйн бодлогын чиглэлээр мэргэшсэн тодорхой туршлага байхгүй.
Үндсэн хуулийн цэцийн нарийн шаардлага болох тодорхой байдал, зайлшгүй байх, тэнцвэртэй байх зарчмыг хангасан, айдас төрүүлэхүйц “хүйтэн нөлөө” үүсгэхгүйгээр гүтгэх заалт боловсруулах нь техникийн хувьд маш нарийн ажил тул ийнхүү болгоомжлол төрүүлээд байна.
Сэтгэгдэл үлдээх