Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар чөлөөлөгдөж түүнийг дагаад хэд хэдэн өөрчлөлтүүд гарах нь ээ. Үүний эхлэл өчигдрөөс тавигдсан. БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг уг нь Нийслэлийн нэгдүгээр орлогчоор томилоод байсан ч, улс төрийн хайчинд орж тав хоногийн дотор л дүүрэг ч үгүй нийслэлийн орлогч ч үгүй болсон. Ингээд түүний эзгүйрсэн суудал болох БЗД-ийн Засаг даргын суудалд И.Баттөгс гэх залууг томилов. И.Баттөгс Засаг дарга болох хүртлээ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан. Нэг ёсондоо улс төрийн томилгоогоо аваад дэвшээд явж байна гэсэн үг. Ингэж эхэлсэн томилгоо Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан гэсэн дүүргүүдээр үргэлжлэх нь. Ерөнхий сайд Н.Учрал нэгэнт Нийслэлийн дээд албан тушаалуудад өөрийнхөө хүмүүсийг өрсөн учраас одоо дүүргүүдээ базах алхамыг хийж эхэлжээ. Одоогийн байдлаар гурван дүүрэг өөрийнх нь мэдэлд байхгүй учраас солих ёстой гэж үзэж байгаа юм байна.
Нэгдүгээрт, мэдээж Сонгинохайрхан дүүрэг. Х.Нямбаатарын шавь Ц.Баттөр гэх залуу Засаг даргаар нь ажилладаг. Ц.Баттөр 2006-2010 онд “Орхон” их сургуулийг Эрх зүйчээр төгсжээ. Тухайн үед нь Х.Нямбаатар “Орхон” их сургуульд багшилж байсан. Мөн Х.Нямбаатарыг ИТХ-ын дарга байх үед ажлын албанд нь ажиллаж эхлэн өнөөгийн Засаг даргын албанд очих эхлэлээ тавьсан юм. Ер нь бол Х.Нямбаатарын хүн учраас сугалах хамгийн эхний хүн болж тааарч байх шиг. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн хатагтай Х.Болормаагийн Сүхбаатар дүүрэг дэх ноёрхлыг зогсоох бололтой. Х.Болормаа гишүүн болохоосоо өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргаар найман жил ажиллаж, тухайн дүүргийг цэнхэртүүлэх гол ажлыг хийж байсан хүн. НИТХ-д сонгогдсон Ардчилсан намын таван гишүүний хоёр нь Сүхбаатар дүүргээс сонгогдсон нь үүнийг батална. УИХ-ын гишүүн болоод явахдаа Засаг даргын ажлаа хүүгийнхээ сайн найз, бизнесийн хамтрагч М.Алтангэрэл гэх залууд өгөөд явсан байдаг. 30 гаруйхан настай залуу хоёр жил хүрэхгүй хугацаанд Засаг дарга байж үзээд буух магадлалтай хүмүүсийн нэг болж байна.
Н.Учралын гарт өртөх дараагийн хүн бол Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн гэнэ. Х.Болормаа шиг Хан-Уулд найман жил засагласныхаа ачаар УИХ-д сонгогдон хүслээ гүйцээсэн Ж.Алдаржавхлангийн залгамж халааг Б.Цэрэн авсан. Түүний хувьд Б.Алдаржавхланг Засаг дарга байх үед ИТХ-ын дарга хийж байлаа. Цүнх дааж, тойрог захалж явсан улс төрчдийг бодох юм бол олон жил хувийн хэвшилд ажиллаж байгаад 2020 оноос эхлэн Хан-Уул дүүрэгтэй холбогдсон хүн. Гэхдээ Н.Учрал Б.Алдаржавхланг нь Засгийн газартаа багтаасан ч Б.Цэрэнг тойрогтоо багтаалгүй ажлаас нь чөлөөлж өөрийн хүнээ зоох бололтой.
Одоогийн байдлаар дээрх гурван хүнийг өөрчлөх яриа цуурайтаад эхэлж. Эхний ээлжнийхэн ч байж мэдэх юм. Цааш өөр дүүргүүдийн Засаг даргын асуудал ч байхыг үгүйсгэхгүй. Угаас нийслэлээ чичрэн байж авсны гол учир нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд аятайхан оролцох эсэх нь ч тараан байршуулсан хүмүүс нь хэр ажиллахаас хамаарна. Ямартай ч эхний ээлжид бардаггүй дүүргүүддээ өөрийнхөө хүмүүсийг хуваарилж байгаа юм уу даа.
Сэтгэгдэл үлдээх
тийм шүү чиншэлтэйгээс эхлээд солих хэрэгтэй шүү
enhsaihan
Дэмжих үү?
0 0