“Утааг ялсан” Ж.Батбаясгаланг шагнажээ

Ж.Номин
2024-10-29

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, улсын нийслэлээ Улаанбаатар хэмээн нэрийдсэний 100 жилийн ой тохиож буй. Уг тэгш ойг тохиолдуулан НИТХ-ын дарга А.Баяр захирамж гарган, нийслэл хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг нийслэлийн дээд "Хангарди" одонгоор шагнажээ. 

Энэ дунд шагнуулж ханадаггүй хэр нь байгуулсан гавьяагүй нэгэн эрхэм байгаа нь НИТХ-ын дарга асан, одоогийн НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан юм. 

Эргэн санахад, 2023 оны 12-р сард болсон нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсголоор  “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулсан. Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн гэх 29 хүн нь өөрсдөдөө цалин урамшуулал нэрийдлээр 1.1 тэрбум төгрөг олгосон нь олны бухимдлыг төрүүлж байв.

Эдгээр 29 гишүүнээс хамгийн ихээр анхаарлын төвд орж ирсэн хүн гэвэл НИТХ-ын дарга, "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан юм. Түүний хувьд "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх явцдаа 2018-2023 оны хооронд өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулж байжээ.

Тэрбээр булбарай цагаан гартаа хар нүүрс атгаж, “Утааг ялав” гэсэн бичигтэй ганцхан постер цацан, өөрийгөө  таниулж чадсан. Утааг ялсан гэдэг үндэслэлээр өөрөө өөртөө шагнал урамшуулал олгосон түүнийг нийслэлийн ойгоор ийнхүү “Хангарди” одонгоор шагнасан байна.

Түүний хувьд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2018 онд Алтангадас одонгоор шагнуулж байжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe