Олимпын бус жингийн ДАШТ Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-31-ний өдрүүдэд болж байна.
Монгол Улсаа төлөөлөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн "Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ.
Манай тамирчин эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, Канадын Борегар Лоренсийг 8:8-аар ялж, 1/8-д Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялан, ¼ шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авч, ДАШТ-д 10 жилийн дараа дахин финалдсан юм.
Тодруулбал, тэрбээр аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдаж, 2:4 харьцаатай ялагдан, мөнгөн медалийн эзэн боллоо.
Түүний хувьд ийнхүү ДАШТ-ий алт, хошой мөнгөн медалийн эзэн болж байна.
Сонирхуулахад одоогоос 9 жилийн өмнө “Лас-Вегас-2015” ДАШТ-д С.Батцэцэг гавьяат 62 кг-ын жинд Кавайтай финалдан ялж дэлхийн хошой аварга болсон түүхтэй.
Сэтгэгдэл үлдээх