Ж.Баярмаа: Хууль мөрдөхгүй төсөв хэлэлцэх юм бол хуулийн засаглал биш намын засаглал болох хэрэгтэй

Ц.Чимэдцэеэ
2024-10-31

УИХ-ын намрын ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаан өнөөдөр (2024.10.31) 10.00 цагт эхэлсэн. Үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өрнүүлж, гишүүдийн зарчмын зөрүүтэй санал, байнгын хороодын саналыг хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу дараагийн хэлэлцүүлгээр төсвийн төслийг өөрчлөх, санал гаргах боломжгүй тул энэ удаагийн хэлэлцүүлэг өндөр ач холбогдолтой. 

УИХ-ын гишүүд ч тодорхой саналаа хамгаалах, төсөлд тусгасан арга хэмжээг үлдээх гэсэн ширүүн маргаан өрнүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Төсвийн төсөлд зураг төсөлгүй 2 байшин, магадланд ороогүй 16 байшин байна. Хууль мөрдөхгүй ингэж оруулж ирэх юм бол хуулийн засаглалаа больж, намын засаглал болох хэрэгтэй. Гадаад харилцааны яам 13 тэрбум төгрөгөөр зураг төсвийг нь хийлгээгүй Олон улсын мэдээлэл солилцоо, ёслол, арга хэмжээний төв бариулна гэсэн байна. Энэ яам соёлын төвтэй төвгүй сайн ажил хийж байгаа. Жаахан зарчим баримаар байна" гэсэн.

Харин Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг "Манай яам хамгийн бага төсөвтэй, манай яам хүссэн, дуртай юмаа хийдэггүй. Энэ бол олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газруудын олон жил хүсэлтээр барья гэсэн барилга" гэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тус барилгыг төсвийн төслөөс хасах санал гаргаж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо дэмжээгүй. Байнгын хороодын саналыг чуулганы танхимд дэмжих эсэх санал хурааж, 102 гишүүнээс 54 нь буюу 52.9 хувиар дэмжив.

Ийнхүү "Дипломат корпус, олон улсын мэдээлэл, харилцаа, ёслол арга хэмжээний төв"-ийг 13 тэрбумаар барих төсөв хасагдалгүй үлдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe