Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод болж өндөрлөлөө.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд манай улсын тамирчин, олон улсын хэмжээний мастер Ц.Цогбадрах өрсөлдөж, хүрэл медалиар энгэрээ мялаав.
Тэрбээр, Беларус, Киргиз, Ираны бөхийг дараалан ялсан ч шөвгийн дөрөвт Туркийн тамирчинд ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Азербайжаны Нураддин Новрузовыг цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Ц.Цогбадрах бол олимп, дэлхийн медалийн таамагт олон жил яригдаж, хөдөлмөрлөж байгаа чөлөөт бөхийн “чимээгүй” од. Тэр ийнхүү дэлхийн “чимэг” зүүлээ. Үзэж чадаагүй бидэнд хэдхэн цагийн дараа сонсоход “дэлхийн медаль эзэндээ оччихсон мэт” дулаахан мэдрэмж төрүүлж байна. Магад энэ нь түүний эхлэл байх. Ц.Цогбадрахдаа халуун баяр хүргэе!
Ташрамд, Монголын шигшээ баг Тиранагаас нэг мөнгө, нэг хүрэл медаль, хоёр тамирчин V байр эзэлсэн амжилт үзүүлэв.
Сэтгэгдэл үлдээх