Монголчуудад луйвардуулсан дараагийн хохирогч “Trafigura”

Ж.Номин
2024-11-01

"Trafigura Group" олон жилийн турш Монголын шатахуун, түлшний хамгийн том нийлүүлэгчдийн нэг байж, "Gunvor Group", "Rosneft" зэрэг компанитай өрсөлдсөөр ирсэн. 

Түүхий эдийн томоохон компани болох “Trafigura Group” Монгол дахь бизнестэйгээ холбоотой луйврын шинжтэй зөрчлийг илрүүлж, улмаар 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгаа аж.

Тодруулбал, Монгол дахь салбарын зарим ажилтнууд дата, бичиг баримтуудаа хууль бусаар засварлан, хугацаа хэтэрсэн өрийн мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулж байсныг илрүүлсэн байна. Уг луйврын шинжтэй үйл ажиллагаа ойролцоогоор таван жилийн турш үргэлжилсэн гэж үзжээ.

Уг асуудлаас үүдэн “Trafigura”-ийн Монгол дахь салбарын хэд хэдэн ажилтан ажлаасаа чөлөөлөгдөж, гүйцэтгэх захирал Михаил Зелдович ажлаа хүлээлгэн өгчээ. 

Тус компани нь монголын шатахуун түгээх компаниудад зээлээр бүтээгдэхүүнээ зардаг ч монгол компаниуд өрөө төлөхгүй байсан нь уг алдагдалд ихээхэн нөлөөлсөн гэж үзжээ. Гэвч яг ямар компани болохыг нь дурдаагүй байна.

Монгол Улсын нэг өдрийн газрын тосны хэрэглээ 35 мянган баррель, одоогийн ханшаар жилийн нэг тэрбум орчим ам.доллар гэж үзвэл тус компанийн Монголд хүлээсэн алдагдал маш томд тооцогдож байна. Есдүгээр сараар эцэслэгдсэн санхүүгийн жилийн тайландаа “Trafigura” энэхүү 1.1 тэрбум ам.долларын алдагдлаа тусгаж тооцохоор бэлтгэж байгаа аж. 

“Trafigura” компанийн Гүйцэтгэх захирал Жереми Уэйр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгаа эмзэг цаг үед Монголоос хүлээсэн алдагдал нь нэрмээс болж буй. Өдөр бүр Герман, Франц, Испанийн нийт эрэлтийг хангах хэмжээний газрын тос арилжаалдаг нүсэр “Trafigura”-ийн бүх хувьцааг 1400 ажилтан нь эзэмшдэг байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe