УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Б.Түвшин нар төсвийн зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ.
Тодруулбал, энэ 4 гишүүн төсвийн зардал дахь үргүй зардлуудыг тооцож үзээд, 3.6 их наядаар бууруулах боломжтой гэж үзсэн байна. Төсвийн урсгал зардалд байгаа үргүй зардлыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа танилцуулав.
Тэрээр "Энэ зардлууд нь хотод, төрийн захиргааны төв байгууллага буюу яамдын төсөвт тусгасан байгаа юм. Тэгсэн мөртлөө хөдөө орон нутагт нэг ч шинэ хөрөнгө оруулалт, тавилга тоног төхөөрөмж тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл, хөдөө нэг ч цэцэрлэг сургууль барихгүй мөртлөө энэ мэт зардлуудыг төвд тусгасан нь шударга бус гэж үзэж байна" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Бид тооцож үзэхэд төсвийг 3.6 их наядаар танах боломжтой байна. Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар тэлэхэд инфляцад 1.5 хувийн нөлөө үзүүлнэ. Нөгөө л бидний ярьдаг хүндрэлүүдийг авчирна, төгрөгийн ханш суларна" гэсэн юм.
Тэд ийнхүү УИХ, Засгийн газар төсвөө дахин хэлэлцэхэд анхаарахыг шаардаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх