МАН дүрмээ зөрчсөн үү, Д.Энхтүвшин худал хэлсэн үү

Ц.Чимэдцэеэ
2024-11-05

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр төсөв танах санал гаргасан цөөхөн гишүүдийн нэг бол Д.Энхтүвшин.

Тэр баасан гарагт хэвлэлийн бага хурал хийн төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлж, Н.Учрал сайд өөрийг нь дарамталсан тухай хэлсэн.

Нийтлэлийг зургаар үзээрэй. 

Энэ асуудал даамжирч, “X” хаягтаа “Би МАН-ын гишүүн биш, намын бүлгээс хөөвөл хөөгдье” хэмээн бичихэд хүрсэн.

Д.Энхтүвшин гишүүн МАН-ын харьяалалгүй байж болох уу?

Тэр жагсаалтаар буюу МАН-ын 7-рт эрэмбэлэгдэн УИХ-д суудал авсан.

МАН-ын үндсэн дүрмийн X бүлэгт заасны дагуу тухайн намаас сонгуульд нэр дэвших этгээд нь тухайн намын гишүүн байхаар зохицуулсан.

Тэгэхээр нэг бол Д.Энхтүвшин намын гишүүн биш гэж худал хэлсэн. Эсвэл МАН дүрмээ зөрчин УИХ-д нэр дэвшүүлсэн болж таарах юм.

Нөгөө талаас, Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн” хэмээн тунхагласан. Иймд Д.Энхтүвшин гишүүн өөрийгөө намын эрх ашгийн төлөө бус ард түмний элч гэдгээ илэрхийлсэн байж болох юм.

Харин дээрх мэдэгдлээс үүдэн дараагийн асуудал үүсжээ.

Хэнийх нь зөв бэ?

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эсрэг байр суурь илэрхийлсний дараа Н.Учрал сайдаас дарамт ирсэн"  хэмээн баасан гарагт(2024.11.01) төсвийн төслийн асуудлаар байр сууриа илэрхийлэх үеэр мэдэгдсэн.

Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Би Д.Энхтүвшин гишүүнийг дарамтлаагүй. Асуусан асуулт маань хүндээр туссан байх" хэмээн мөн баасан гарагт(2024.11.01) өөрийн “X” дэх хаягтаа хариулсан.

Гэтэл НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “Д.Энхтүвшин зүгээр попорч байна. Намын ах нар буруу хүнээ оруулж. Гэхдээ яах вэ, эргүүлээд татчих. Тэгээд л бол оо" гэсэн талаат ubn.mn сайтад дурджээ.

Д.Энхтүвшин гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах эрх “намын ах” нарт байгаа юу?

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тодорхой үндэслэлийг дурдсан.

Үүнд:

  • Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн
  • гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон

Иймд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн “намын ах нар” Д.Энхтүвшин гишүүнийг эгүүлэн татах хуулийн заалт байхгүй. 

Сэтгэгдэл үлдээх

баярлалаа, шуналгүй зарчимтай хүмүүс ус агаар мэт хэрэгтэйн дээр тэднийг дэмжих иргэдийн дэмжлэг маш их үгүйлэгдэж байгаа харагдаж бна

цэ

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe