Доналд Трамп гэр бүлийнхэнтэйгээ хамт ялгуусан амжилтаа зарлав

Ц.Чимэдцэеэ
2024-11-06

АНУ-ын 60 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп үнэмлэхүй яллаа.

Тэр сонгуулийн тогтолцооны дагуу саналын эрхтэй 538 төлөөлөгчөөс 277 санал авсан байна. Хэдийгээр 5 мужийн саналыг эцэслэн тоолоогүй байгаа ч энэ нь сонгуулийн дүнд нөлөөлөхгүй. Учир нь нэр дэвшигч 270 санал авбал ялах нь тодорхой байсан юм.

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч эхнэр Меланиа Трамп, бага хүү Баррон Трамп болон намын нөхөдтэйгөө Флорида муж дахь сонгуулийн штабаасаа ялалтаа зарлалаа. Тэр сонгогчдодоо талархлаа илэрхийлээд, хамтдаа "Дахин Америкийг агуу болгоё! буюу Make America great again!" гэх уриагаа хэлж, намын гишүүддээ урам зориг өгөв.

Доналд Трамп орлогын албан татварыг бууруулах бодлого хэрэгжүүлэхээ зарласан нь түүний мөрийн хөтөлбөрийн гол амлалт байлаа.

Мөн бусад салбарт ч АН-ын нэр дэвшигч Камала Харрисаас эрс ялгаатай шийдэл дэвшүүлэн мэтгэлцэж байснаараа онцлог юм.

Түүний өрсөлдөгч Камала Харрисын хувьд АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох итгэл найдвар тээж байсан ч ийнхүү өвдөг шороодлоо. Түүний ялагдлыг сонгуулийн кампанит ажил алдаатай байснаас үүдсэн хэмээн зарим хэвлэлд онцолж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe