Зайсангийн хуучин гүүрийг 12 сарын 1 хүртэл хаана

Ж.Номин
2024-11-07

Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 8-нээс эхэлнэ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. 

Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ. Энэ хугацаанд баруун талын гүүрийг сөрөг урсгалаар ашиглах замын хөдөлгөөний зохицуулалт хийх аж. 

Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил зургаан метрийн дор явагдана. Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийх юм. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулах бөгөөд хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой гэнэ.

Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe