2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 118 мянган өрх хамрагдсанаас 60 хувь нь дахин ипотект хамрагдаж хоёр, гурав дахь байраа авчээ. Ингэхдээ орон нутгийн иргэдээс 10 орчим хувь нь, нийслэлээс 49.6 хувь нь хоёр болон гурав дахь орон сууцаа ипотекийн зээлд хамруулан авсан судалгаа гарсан байна.
Жилийн зургаагаас гурван хувийн хүүтэй олгогдох болсон ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас энэ жил Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөгийг энэхүү зээлд зориулан гаргасан.
Хамгийн гол нь төрөөс олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж буй ч зорилтот бүлэг буюу орон сууцгүй иргэд энэхүү хөнгөлөлттэй зээлийг авч чадахгүй байгаа нь асуудал болж хувирсан байна.
Иймээс ирэх оноос эхлэн Засгийн газар ипотекийн зээлд олгох шалгуурыг өөрчилж, гэр хороолол буюу дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэд, мөн хоёроос дээш хүүхэдтэй өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан зэрэгт бүлгүүдэд тэргүүн ээлжид ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдэж өгдөг байх зохицуулалтыг хийх аж.
Сэтгэгдэл үлдээх