УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин тэргүүтэй зарим гишүүд төсвийн зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй мэдээлэл өгч байгаа бөгөөд өчигдөр /2024.11.06/ NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцон “Төсвөөс хулгай хийдэг бүлэг хулгайчидтай хөөгдөх хүртлээ үзнэ” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Д.Энхтүвшин гишүүнийг нэвтрүүлэгт урьсан NTV телевизийн Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн албанд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичиг нь “Тус хэлтэс Г-579 дугаартай гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад танай телевизээр 2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 21 цаг 45 минутад нэвтрүүлсэн “Лхагвын тойм” нэвтрүүлгийг хуулбарлан авах шаардлагатай байх тул хамтран ажиллана уу” гэх утгатай бөгөөд ЦЕГ-ын Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзийгийн гарын үсгээр албажжээ.
Үүнд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Мөрдөн шалгалтыг ямар хурдан эхлүүлж байна аа. Айна гэж бодоод байгаа юм байх даа. Ард түмний эрх ашгийг илэрхийлсний төлөө хэн нэгэн даргын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх бол өөрөө яваад очъё, хаана очих уу Буян-Өлзий хурандаа? Зүгээр яриа авсан хэвлэлийн байгууллагыг дарамтлах хэрэггүй, нэвтрүүлэг нь бүтнээрээ сошиал дээр байгаа” хэмээн сошиал хуудсандаа нийтэлжээ.
Эрүүгийн хуулийн 11-р бүлэг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэдэгт:
Д.Энхтүвшин гишүүний оролцсон нэвтрүүлэг чухам аль зүйл заалтыг зөрчиж, хэний эрүүл мэндийг хохироон, ЦЕГ-ын Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга ийм албан бичиг цохсон юм бол гэх асуулт гарч ирлээ.
Тус албан бичгийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллага иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч шуурхай шалган шийдвэрлэх үүрэгтэй. Нэр бүхий иргэнээс МБА- нд гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад гомдолд дурдсан асуудлыг тодруулах, нотлох баримт цуглуулах зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу аливаа эх зүйлийн эх хувийг гаргуулан авч үзлэг хийж бэхжүүлдэг. Энэ тухай хуульд нэг бүрчлэн хуульчилж өгсөн. Иймд албан бичгийн хүрээнд дээрх нэвтрүүлгийн эх хувиас л гаргаж ирүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн байна. Энэ нь хэн нэгнийг буруутгасан зүйл биш юм” гэх тайлбарыг өгөв.
Сэтгэгдэл үлдээх