Н.Номтойбаяр: УИХ Засгийн газрын дэргэдэх хуулийн хэлтэс шиг ажиллаж болохгүй, дархлаатай байх ёстой

Ж.Номин
2024-11-08

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр 2025 оны улсын төсөвтэй холбоотойгоор  мэдээлэл хийлээ.  

Тэрбээр “УИХ иргэдийн  итгэлийг олж авахын тулд төсөв дээр хариуцлагатай хандаж, эдийн засгийн бааз суурийг тэлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ААН, иргэд, хувийн хэвшилдээ таатай боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, эдийн засгийн хараат байдлаас салах хэмжээний төсвийг батлах ёстой. Гэтэл түүхэндээ байгаагүйгээр маш хурдацтайгаар, хааж, боосон байдлаар 2025 оны төсөв батлагдах нь ээ.  Хэдхэн хормын дараа санал хураалт явагдах гэж байна. Мэдээж Үндэсний эвслийн зүгээс уг төсвийг дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. 

  1. Өнгөрсөн хугацаанд 8200 гаруй ААН хаалгаа хааж, 26 мянган хүн ажилгүй болсон. Үүний хариуд төр “төсөв хүнд байна, татвар шимтгэлээ нэмэхээс өөр боломж байхгүй” гэж хариулдаг.  Гэтэл боломж байгааг 2025 оны төсвийн төсөл харууллаа. 
  2. УИХ-ын 13 гишүүн нэгдэж, төсвийг бууруулахыг дэмжин, гарын үсгээ зурсан. Үүний хариуд “дэгийн хуулиараа болохгүй байна” гэх хариуг өгч байна. Үнэхээр юмыг болгоё гэвэл арга зам нь байгаа ш дээ.  Яаралтай горимоор оруулж ирж байгаад, хуулиа өөрчлөөд аливаа асуудлыг шийдэж болдог. Гэтэл ийм хүсэл эрмэлзэл байхгүй байна. 

Түүнчлэн уг асуудалд шүгэл үлээсэн гишүүдийг харлуулж, нэр хүндэд нь халдан, айлгаж, дарамталж байна. МАН-д дотоод ардчилал алга. Хавчиж гадуурхан, намын гишүүнээс хасаж, бүлгээсээ хөөн, хэн ч биш болгож, сүүлдээ шорон руу цөлдөг. Энэ зовлонг би ч туулж явсан болохоор Д.Энхтүвшин гишүүнийг өмөөрч, хамгаалмаар байна. Д.Энхтүвшинийг уучлал гуйхыг шаардсан байна лээ. Хамтарсан засгийг бүрдүүлж байгаа гурван нам өнгөрсөн сонгуулиар ард иргэддээ амлаж, мөрийн хөтөлбөр дээрээ суурилсан итгэлцлийн гэрээ байгуулчхаад энэ бүхнээсээ ухарч, “залилан” хийчхээд яагаад өөрсдөө ард иргэдээсээ уучлал гуйхгүй байгаа юм. Ийм байхад Д.Энхтүвшин яагаад уучлал гуйх ёстой гэж. 

Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөлд 7-8 хувийн л өөрчлөлт орсон. Үндсэндээ энэ удаагийн төсөв УИХ-аар зүгээр шат дамжлагаар орж байгаа юм шиг 100 хувь батлагдаж байгаа.

Энэ төсөв батлагдвал:

  • Инфляц 13-15 хувиар өснө. Өөрөөр хэлбэл, 20 төгрөгөөр худалдаж авдаг бараа, үйлчилгээг ирэх жил 40 мянган төгрөгөөр авна л гэсэн үг.
  • Цалин, тэтгэврийн худалдан авах чадамж унана.
  • Долларын ханш өснө.
  • Эдийн засаг хумигдаж эхэлнэ. 
  • Өртөг зардлаа бууруулах үүднээс ААН-үүд цомхотгол хийж эхэлнэ. 
  • Гадагшаа дүрвэх залуусын тоо улам нэмэгдэнэ.  
  • Өр, зээл нэмэгдэнэ. 

Тиймээс энэ удаагийн төсвийн төсөлд тусгагдсан урсгал зардлыг бууруулах шаардлагатай. 

126 гишүүнтэй анхны парламент өөрийн гэсэн дархлаатай байх ёстой. Түүнээс биш Засгийн газрын дэргэдэх зүгээр нэг хуулийн хэлтэс шиг байж болохгүй. 

Юу болохыг харах л үлдлээ. Төсөв батлагдчихвал ирэх 7 хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хориг тавих байх гэж л найдаж байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe