Залуу гишүүд УИХ-ын даргад дургүйцлээ илэрхийлэв

Ц.Чимэдцэеэ
2024-11-08

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны гурав дахь хэлэлцэх асуудал буюу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэх үеэр УИХ-ын дарга болон гишүүдийн дунд зөрчилдөөн үүссэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн С.Цэнгүүн үг хэлэхдээ "Төсөв хэлэлцэж байгаа олны анхааралд ороод байна..." гээд, үгээ хэлж дуусаагүй байхад нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан микрофоныг нь хааж, төсөвтэй холбоотой асуудлыг дараа нь хэлэлцэнэ хэмээсэн.

Үүний дараа мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтулга "Эдийн засгаа солонгоруулна, аялал жуулчлалыг хөгжүүлнэ, хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ гэж олон жил ярьсан. Гэтэл одоо орж ирж байгаа төсөвт ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах, олон улсын зах зээлд гаргах тал дээр нэг ч хөрөнгө оруулалт тавиагүйд харамсаж байна" гэхэд мөн УИХ-ын дарга дэгээрээ зөвхөн танилцуулгатай холбоотой юм ярь хэмээн зогсоов.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дахин үг хэлэхдээ "УИХ-ын гишүүн өөрсдийн үзэл санаагаа илэрхийлэх эрхтэй учир цаашид үг тасалмааргүй байна" гэсэн бол Ц.Мөнхтулга "Намын харьяалал, шинэ хуучнаар нь ялгаад микрофон тасалдаг зүйл ажиглагдаж байна. Дэгээрээ явна гээд УИХ-ын гишүүн үгээ хэлж чадахгүй байгаа учир өнөөдрийн төсөв шиг үр дүнд хүрч байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe