Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа

Ж.Номин
2024-11-08

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг бүхэлд нь эцэслэн батлах тухай санал хураалт явуулахад 126 гишүүнээс 71 гишүүн санал хураалтад оролцов. Ийнхүү 69 гишүүн дэмжиж, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар гэх 2 гишүүн төсвийн төслийг дэмжсэнгүй. 

Хамгийн сонирхолтой нь төсвийн төслийг эцэслэн батлах санал хурааж буй чухал мөчид  төсвийг 3.6 их наядаар бууруулах шаардлага гаргаж байсан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн тэргүүтэй гишүүд чуулганы танхимд харагдсангүй. 

Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “69 гишүүн дэмжиж, 2 гишүүн дэмжээгүй” гэж саналыг томьёолсон ч чуулганы шууд дамжуулалтаас харахад Х.Тэмүүжин, П.Батчимэг, Б.Пүрэвдорж зэрэг гишүүд дэмжсэн, дэмжээгүй аль алин дээр нь гараа өргөсөнгүй. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төсөв батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх бөгөөд УИХ төсвийг хэлэлцэх эрх, үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд төсвийн төслөө баталлаа. Бид төсвийн төслөө ямар хугацаанд яаж хэлэлцэх вэ гэдэг нарийвчилсан дэгтэй. Төсөв хэлэлцэх ажиллагаа бусад хуулийн төслийг хэлэлцэх үе шатаас өөр байдаг. Энэхүү төсвийн төслийг хэлэлцэхэд иргэд маань анзаарч, харсан байх. Харин УИХ-ын гишүүд хуульд заасан энэ дэгээ баримтлах үүрэгтэй. УИХ-ын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ямагт хүндэтгэнэ. Гэхдээ гишүүд хуульд заасны дагуу хэлэлцэх дэг, гаргасан саналыг нь шийдвэрлэх, хууль эрх зүйн боломжийг зөв үнэлж, тунгаан, иргэд, олон нийтийг бодитой мэдээллээр хангаж байх хэрэгтэй. Ер нь парламент олон ургалч үзлийн талбар байх ёстой. Үүнийг миний бие тууштай дэмжиж, баримталж ажиллана” гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe