Бидний мэдэх УТАА-ны цаана

Ж.Номин
2024-11-12

Өнгөрсөн долоо хоногийн буюу 2024 оны 11 сарын 04-10-ны өдөр хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээг 2023 оны мөн үетэй харьцуулан үзэв. Харьцуулалтаас харахад агаарын дундаж температур -12oС-аар бага буюу харьцангуй дулаан байгаа юм. 

Гэтэл цаг агаар дулаан байгаа ч агаар бохирдуулагч бодисуудын агууламж өнгөрсөн оны мөн үеэс өндөр бөгөөд хэвийн стандартаас давсан байна. 

Түүнчлэн Улаанбаатар хотод байрлах агаарын чанарын станцуудын мэдээлэлд PM2.5, PM10 тоосонцор их байгаа юм. 

Тоосонцор дундах Утаанбаатар

Үүнээс гадна дэлхий дахинд бодит цагийн тооцооллоор агаарын чанарыг хэмждэг IQAir-н мэдээллээр Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт 94 буюу хэвийн байгаа бөгөөд хамгийн их агаар бохирдуулагч бодис нь PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор байна. Улаанбаатар хот дахь PM2.5 тоосонцрын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон агаарын чанарын стандартаас 6,4 дахин их байна.

Улаанбаатар хот хамгийн их агаарын бохирдолтой хотуудаас 28-т жагсаж байна.

Агаар бохирдуулагч бодисуудыг тайлбарлавал

PM 2.5, PM 10 /тоосонцор/ 

  • Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. 
  • Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд тоосонд мэдрэмтгий байдаг. 
  • Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 
  • Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

CO /нүүрс төрөгчийн дутуу исэл/ 

  • Өнгөгүй, үнэргүй хий. Түлш дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. 
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. 
  • Иймээс хүний бие махбод, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. 
  • Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. 
  • Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушгины архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

SO2 /хүхрийн давхар исэл/ 

  • Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. 
  • Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 
  • Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. 
  • Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. 
  • Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

NO2 /азотын давхар исэл/ 

  • Өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаар мандалд бор шаргал өнгөтэй болдог. 
  • Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. 
  • Азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. 
  • Зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

О3 /озон/ 

  • Гурван атомт хүчилтөрөгчөөс тогтсон хий төлөв байдалтай нэгдэл. 
  • Озон нь атмосферийн дээд давхарга болон газрын гадарга орчмын агаарт байдаг бөгөөд озон хаана байгаагаас шалтгаалж хүний эрүүл мэндэд эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг. 
  • Атмосферийн агаарын дээд давхаргад оршдог озон нь нарны хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс хүн, амьтныг хамгаалах биологийн ач холбогдолтой. 
  • Газрын гадарга орчмын атмосферийн агаар дахь озон нь хүний эрүүл мэндэд аюултай. Гадаа биеийн хүчний ажил хийх, зуны улиралд хүүхдүүд гадаа удаан хугацаагаар тоглоход озоны нөлөөлөлд өртөх эрсдэл нэмэгддэг. 
  • Амьсгалын замын өвчтэй хүмүүс, тухайлбал гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүсийн уушги озонд маш мэдрэг байдаг тул бусад хүмүүстэй харьцуулахад озоны хэмжээ бага байхад ч харьцангуй хурдан озоны нөлөөнд өртөж, эрүүл мэндэд нь өөрчлөлт гардаг. 
  • Озон нь амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох, уушгины үйл ажиллагааг бууруулах үйлчилгээтэй тул озоны нөлөөнд өртсөн хүмүүст ханиах, хоолой хорсох, цээжээр хөндүүрлэх, амьсгал авалт хурдасч, өнгөц болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 
  • Озон нь гуурсан хоолойн багтраа өвчнийг сэдрээдэг бөгөөд ялангуяа гэрийн тэжээмэл амьтан, ургамлын тоос, хачигт харшилтай хүмүүс озонд их мэдрэмтгий бөгөөд ийм хүмүүс гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвдөх нь элбэг байдаг. 
  • Түүнчлэн амьсгалын замын халдварт өвчинд өртөмтгий байдлыг ихэсгэхэд нөлөөлдөг.

Агаарын чанарын индексийг хэрхэн ялгах вэ?

0-50 - цэвэр - Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. 

51-100 - хэвийн - Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай. 

101-200 - бага бохирдолтой - Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

201-300 - бохирдолтой - Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ. 

301-400 - их бохирдолтой - Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно. 

401-500 -  Маш их бохирдолтой - Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.  

Агаарын бохирдлоос хамгаалах бяцхан зөвлөгөө

  • Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, 
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх /Гэхдээ ер нь боломжгүй/,
  • Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмээ хугацаанд нь уугаарай,
  • Цэвэр агаарт салхинд гараарай,
  • Амны хаалт зүүгээрэй,
  • Илчлэг сайтай хоол хүнс хэрэглээрэй,
  • Цус цэвэрлэх буюу плазмаферез эмчилгээ хийлгээд үзээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe