Дүнжингаравын уулзвар орчим 2024 оны нэгдүгээр сарын 23-нд газ дэлбэрч, онцгой байдлын 3 алба хаагч болон 5 иргэн хүнд гэмтсэн билээ. Үүнээс гадна Тэгвэл уг хэрэгт прокурорын газраас хоёр хүнийг яллагдагчаар татсаныг өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, галын хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа аж.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ. Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 2 хүнд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Гал түймрийн улмаас 7 хүн нас барснаас гадна 5 хүн хүнд, 1 хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгалтын үед тогтоогджээ.
Сэтгэгдэл үлдээх