Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г, гүйцэтгэх захирал Г.Н нарын есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45.2 тэрбум /45.270.137.600/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт гарсан.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд есөн хүнийг залилах, мөнгө угаах зэрэг хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Ийнхүү шүүгдэгч Г.Н-д 12 жилийн хугацаагаар хорих ял, С.Г, Р.Б, Н.У нарт 9 жилийн хугацаагаар хорих ял, Г.П-д 7 жилийн хугацаагаар хорих ял, Г.Н-д 6 жилийн хугацаагаар хорих ял, Ч.О-д 5 жилийн хугацаагаар хорих ял, Д.Ц-д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Б.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 37.919.316.046 төгрөгийг, иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөгийг хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө болох 2.182.758.377 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх