Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт шалгалтаар хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрсэн байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн зөрчил гаргасан 496 жолоочид хариуцлага тооцжээ.
Хуурамч дугаартай хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сараар жолоодох эрхийг хасах, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгодог байна.
Харин улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, улсын бүртгэлийн дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 25 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ төрлийн зөрчлөөр энэ оны эхний 10 сарын байдлаар 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулжээ.
Хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүдийг цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадна камерын хяналт, дэвшилтэт техник технологи болон иргэдийн E-Police аппликейшнээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж тогтоож байна.
Сэтгэгдэл үлдээх