Бүсчилж томсгосон тойрог, намын жагсаалт хослуулсан холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй бүрдсэн УИХ-ын гишүүд 2024 оны долоодугаар сарын 2-ны өдөр тангараг өргөж, үүнээс хойш өнөөдрийг хүртэл 18 өдөр чуулган хуралдсан байна. Долоодугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улираан томилсон бөгөөд түүний 18 өдрийн чуулганд оролцсон ирцийн мэдээллийг сонирхуулъя.
Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хувьд нийт 18 өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас 7 удаагийн чуулганд сууж, 1 удаа хоцорч, 2 удаагийн хуралд гадаад томилолтод явснаар чөлөө авсан. Үүнээс гадна 6 удаагийн хуралд үл мэдэгдэх шалтгаанаар чөлөө аваад байна.
Тоймлон үзвэл тэрбээр өнөөдрийг хүртэл чуулсан УИХ-ын чуулганд 38 хувийн ирцтэй оролцжээ.
Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувиар 2025 оны Улсын төсөв хэлэлцсэн чухал хуралдаануудад оролцоогүй бөгөөд зарим гишүүд “Төсөв хэлэлцэх шатанд Ерөнхий сайд нэг ч удаа чуулганы танхимд орж ирсэнгүй” гэж шүүмжилж байсан юм.
Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Сангийн яаманд ажиллаж, “2025 оны төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй. Асуудлыг бодитоор харж нарийн тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргах нь зөв. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстой” хэмээн айлтгасан байна.
Сэтгэгдэл үлдээх