Х.Нямбаатар, Б.Эрдэнэсүх нар хэн нь илүү улстөржихөө үзэв

Ж.Номин
2024-11-15

НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр чуулганаар НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх, Хотын дарга Х.Нямбаатар хоёр хэн нь илүү улс төржихөө үзэв. 

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-өө батлуулахаар НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан юм. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх авлигаас ангид ажиллаж чадах эсэх талаар тодруулсан юм. 

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Авлигаас ангид гэж байна. Саяхан Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дарга 50 гаруй сая төгрөгийн авлига авч байгаад газар дээрээ баригдан, хоригдож байгаа. Тэр хүнийг 3 сарын өмнө томилсон Засаг даргыг нь сая батламжилсан. Эхлэлээ иймэрхүү тавьж байж яаж авлигаас ангид байх гэж байгаа юм. Ямар нэг тохироо байгаа юм уу” гэж асуув.

Үүний хариуд Хотын дарга Х.Нямбаатар “Б.Эрдэнэсүх төлөөлөгчөө, та ингэж улстөржсөн юм яривал би танаас илүү улстөржсөн хариулт өгье. Сая орон нутгийн сонгуулиар Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл та хоёр чинь “биднийг багаар нь дэмж” гээд уулзалт хийгээд, цуг явж байсан, нэг намын буюу АН-ын хүмүүс. Тэр авлига аваад, АТГ-т шалгагдаж байгаа хүн бас АН-ын угшилтай. Намынхаа асуудлыг дотооддоо ярь.

Таны нэрийг дүүргийн Засаг даргад дэвшүүлээгүй гээд ийм улстөржилт хийж байгаа бол тэрийгээ нам дотроо ярь.

Би Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу ДИТХ-аас ирүүлсэн нэрийг Засаг даргад батламжлах үүрэгтэй. Та бид хоёр тэр авлига авсан хүний гэм буруугийн асуудлыг шийдэхгүй. Шүүх шийднэ. Шүүх гэм буруугийнх нь асуудлыг шийдээд, холбогдож байгаа хүмүүсийг нь хамтад нь шалгаад “буруутай, ажлыг нь түдгэлзүүл” гэвэл түдгэлзүүлнэ. Тэр нам доторх жижиг сажиг суудлын төлөөх асуудлаа хоорондоо шийднэ шүү.

Ах нь чам шиг ингэж хүний суудлыг булааж авах гэж явж байгаагүй.

Би дандаа ажилд дэвшиж явж байсан. Сонгуулиар би тэгж царай алдаж явдаггүй. Би өөрөө өөрийнхөө дэвшүүлж байгаа үг хэл, үзэл бодол, итгэл үнэмшил дээрээ бат зогсож, сонгуульд ялалт байгуулдаг. Ялалтынхаа үр дүнд хамт олныхоо дэмжлэгтэйгээр ажил хариуцаад явж байна. Тэгэхээр хэдүүлээ аль болох ийм хийрэхсэн улс төр хиймээргүй байна. Тэр АН доторх улс төрөө тэндээ хийгээрэй гэдгийг хэлье” хэмээсэн юм

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe