Профессор С.Жаргалан: Бид газар доорх нөөцөө судалж, ард түмний төлөө ашиглуулах ёстой

Ц.Чимэдцэеэ
2024-11-18

Улсын стратегийн чухал ач холбогдолтой газрын ховор элементийн орд болох "Халзан бүрэгтэй" төслийн хайгуулын үйл ажиллагааг орон нутгийн иргэдийн эсэргүүцлээр түр зогсоосонтой холбоотой ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор С.Жаргалантай ярилцлаа.

-Манай улсад газрын ховор элементийн хайгуулын ажил өрнөж буйтай холбоотойгоор яг энэ салбарт хүний нөөц, боловсон хүчин хэрхэн бэлтгэж байна, хүндрэл бэрхшээл юу байна?

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль дээр Геологич гэх мэргэжилтэн бэлтгэж байгаа. ШУТИС-ийн хувьд 190-аад оноос тасралтгүй бэлтгэж ирсэн. 2000-аад оны эхээр буюу Оюу толгойн ордыг нээсэн тэр цаг үед жилд 100-200 оюутан элсэж ордог байсан.

2015 оноос эхлээд оюутны тоо нэлээн цөөрсөн.

Шалтгаан нь орон нутагт ажиллаж байгаа геологи хайгуулын судалгааны ажлыг хийлгэхгүй орон нутгийн зүгээс эсэргүүцэл үүсгэж байгаатай холбоотой энэ мэргэжлийг оюутнууд сонгох дургүй болсон.

Төгсөөд ажлын байргүй болчих юм байна гэсэн ойлголтыг орон нутгийн эсэргүүцлүүд харуулж байгаа учраас үүний хор нөлөө нь ийнхүү илрээд байгаа. Манай Геологи, уул уурхайн сургуулийн Гидрогеологийн багш нар оюутны тоог нэмэх, мэргэжилтэн бэлтгэх тал дээр удаа дараа, төрөл бүрийн хэмжээ авснаар энэ жилээс оюутны тоо нэмэгдсэн дүр зураг харагдаж байна.

- ГХЭ-ийг хайх, олборлох, үйлдвэрлэхийг практикт мэддэ, чаддаг хүн байхгүй гэсэн ойлголт олон нийтийн дунд байна. Энэ тал дээр судлаач, багш хүний хувьд юу гэж хэлэх вэ?

Ашигт малтмал бол тоо томшгүй. Монгол оронд гэхэд 80 гаруй төрлийн 8900-аад орд байна. Төгссөн мэргэжилтнүүд маань геологийн зураглалын судалгаанд оролцоно, эрэл хайгуулын судалгаанд оролцоно. Дээр нь эрдэм шинжилгээний судалгаа хийнэ, багшина гээд төрөл бүрийн чиглэлээр ажиллаж байгаа. 

Сүүлийн үед элсэлт цөөрсөнтэй холбоотойгоор хүний нөөц хомсдож байгаа тал бий. Хэдий тийм боловч миний хувьд 2005 оноос газрын ховор элементийн судалгаа хийж эхэлсэн. Энэ цагаас хойш аль болохоор бакалаврын оюутнуудын төгсөлтийн дипломын ажил болгох, магистр, докторын судалгааны ажил болгох үйл ажиллагаанууд хийж, тодорхой хэмжээгээр газрын ховор элементийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж байна.

Жишээлбэл, 2010-аад оноос хойш 10-аад бакалаврын оюутны дипломынх ажил нь газрын ховор элементийн судалгааны чиглэлээр, 5, 6 оюутны магистрын судалгааны ажил нь мөн газрын ховор элемент байсан.

Үүнээс гадна Япон улстай хамтарсан хамтын судалгааны төслийн хүрээнд нэг оюутныг газрын ховор элементийн гарал үүсэл, эрэл хайгуулын чиглэлээр магистрын судалгаанд, нэг оюутныг газрын ховор элементийн баяжуулах технологийн судалгаанд, нэг оюутныг Халзан бүрэгтэй ордын гарал үүсэл, магмынх нь эх үүсвэрийн талаар судалж, амжилттай хамгаалаад ирсэн байгаа.

Тийм учраас тодорхой хэмжээгээр мэргэжилтнүүд байгаа. Гэхдээ орон нутгийн эсэргүүцлээс болоод энэ оюутнууд маань ажлын байрандаа очиж чадахгүй, айдастай байгаа учраас яг үнэндээ миний хамгаалуулж, төгсгөсөн, энэ чиглэлээр мэргэшээд төгссөн оюутнуудаас чиглэлээрээ ажиллаж байгаа оюутан маш цөөхөн байна.

-Газрын ховор элементийг хайх, олборлоход манай улсад олборлодог бусад алт, зэс зэрэг ашигт малтмалаас юугаараа ялгаатай вэ?

ГХЭ элемент маань өөрөө 17 элемент агуулдаг. Аль нэг хэсэг нь байгаад, аль нэг хэсэг нь байхгүй гэсэн юм байхгүй. Халзан бүрэгтэйн хувьд ГХЭ-ийн 17 элементээс гадна циркон, хафни, тантал, ниоби гэсэн дөрвөн метал нэмэлтээр байдаг. 

Гол ашигт бүрдүүлбэр нь энэ дөрөв. Үүн дээр нь ГХЭ дагалдахаар гэж ойлгож болно. Монгол Улсын эрдэнэсийн санд ингэж бүртгэсэн.

Циркон, хафни, тантал, ниобитой хамтраад ирэхээр хүнд ГХЭ гэж нэрлэгддэг одоогийн хос мотортой приус машины мотор үйлдвэрлэхэд гол хэрэгцээтэй метал болох диспрози, терби, ниодим зэрэг металууд нь баялаг байдаг. Үүгээрээ онцлог.

Манай улсын хувьд 6 орд одоогийн байдлаар Эрдэнэсийн санд бүртгүүлсэн байгаа. 80 гаруй илрэлүүд байдаг. Энэ 6 ордноосоо диспрози, ниодим зэрэг ногоон технологид голчлон хэрэглэгдэж байгаа элементүүд хамгийн өндөр агууламжтай нь Халзан бүрэгтэй.

-Хүн бүрийн мэдэх Оюутолгой ордтой харьцуулбал?

Оюу толгой орд нь зэс, алтны орд. Энэ төрлийн орд нь анх 1970-аад оноос судлагдаад, Энэ оны сүүлээс ашиглалтад орсон.

Аль ч ашигт малтмалын ордыг ашиглахад байгаль дээр сөрөг нөлөө байж л байгаа. Түүнийг хүний амьдралд сөргөөр нөлөөлөхгүй тал маш сайн арга хэмжээ авах ёстой. 

Оюутолгойн хувьд дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг Монголд нутагшуулж, суурьшуулж чадсан маш сайн жишээ. Яг үүнтэй адил Халзан бүрэгтэйг яг ингэж чадна гэж бодож байна. Тийм учраас үүнд эмзэглэх юм ерөөсөө байхгүй.

Уурхай ажиллахаар сул шороо гардаг, тоос шороотой болдог зэрэг асуудал хаа сайгүй л байна шүү дээ. Үүн дээр хүний эрүүл ахуй, амьдралд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах байгаль орчны төлөвлөгөөнүүдийг  жил бүр хэрэгжүүлээд, тухайн жилийнхээ туршлага дээр үндэслэн дараа жилээ төлөвлөөд, түүнийгээ орон нутгийн, улсын, бүх түвшний байгаль орчны байгууллагуудаар батлуулаад, сөрөг нөлөөг арилгаад явах бүрэн боломжтой.

ГХЭ гэдэг маань ховор, дээр нь Монгол Улсад алт, зэс шиг дээр үеэс судалж байгаагүй. 2000-аад оны үеэс байгаль орчинд ээлтэй технологи гэдэг үүднээс хос мотортой техникүүд гарч ирсэн. Харин газрын ховор элементээр маш хүчтэй соронзон хийдэг. 

Тэр соронзонгоор нь хос хөдөлгүүртэй машин үйлдвэрлээд, бензин, газрын тосны хэрэглээг багасгах шинэ технологи гарсан юм. Ингээд ГХЭ-ийн хэрэглээ нь ихсээд эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2005 оноос манай улсад ГХЭ-ийг түвшин, түвшиндөө судалж эхэлсэн байгаа.

-Халзан бүрэгтэй төслийн хувьд байрлаж буй газар нутагтай холбоотойгоор бодит эрсдэл байгаа юу?

Халзан бүрэгтэй ордын хувьд 2013 онд нөөц нь Эрдэс баялгийн зөвлөлөөр орж, батлагдсан байх ёстой. Үүнээс хойш 10-аад жил болоход төслийг хэрэгжүүлж байгаа баг бол аль болох олон улсын стандартын түвшинд хийхээр зорьж байгаа.

Хамгийн өндөр технологитой, хамгийн шилдэг аргачлалтай газрууд руу дээж, судалгаагаа явуулаад, ашигтай нь юу байна, хортой нь юу байна, дагалдах нь юу байна гэдэг судалгааг нэг бүрчлэн хийж байна гэж миний зүгээс харж байгаа.

Тэгэхээр компанийн байгаль орчны төлөвлөлтөд ямар хор нөлөө гарч болох вэ түүнийг яаж багасгах вэ гэдэг нь туссан байгаа.

Миний хувьд судлаач учраас хөндлөнгөөс хараад, хэд хэдэн удаа очиж үзээд, энэ компанийнхантай зайлшгүй тулж ажиллаж, зөвлөлдөх асуудлууд байдаг. Ингээд харахаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах хамгийн шилдэг аргачлалыг Монголд нутагшуулах тал дээр ажиллаж байна гэж миний зүгээс харж байгаа. 

Уран их байгаа гээд хөөрөгдөөд байна л даа. ГХЭ-ийн гадаадын ордуудыг аваад үзэх юм бол ураны агуулга доод тал нь 200 гр\тонн, түүнээс дээш байдаг. Гэтэл Халзан бүрэгтэй орд дээр би боржингийн судалгааг ч хийсэн. Хүдрийнх нь судалгааг ч хийсэн.

Японы “Акита” их сургуульд манай нэг оюутан яг Халзан бүрэгтэй ордоор доктор хамгаалаад ирсэн. Тэр оюутны бүх судалгааг үзэхэд агуулагч боржиндоо ураны агуулга маш бага. Дэлхийн царцдаст байгаа галактикийн агуулга гэж дундаж үзүүлэлт байдаг. Түүнээс ч бага. 

Хүдэр ороод ирэнгүүт хүдэр дээр  бол бага зэрэг нэмэгдэнэ. Нэмэгдэхдээ Халзан бүрэгтэй дээр бол дээд тал нь 30, 40 грамм. 1 тонн чулуунаас 30-40 грамм уран гарна гэсэн үг.

-Технологийн хувьд ялгаатай зүйлийг нь тодруулбал?

Жишээлбэл, Гринландын нэг орд байна. Хятадууд очоод, үйлдвэрлэл явуулах гээд бүх төлөвлөгөөгөө явуулчихсан. 2010-аад оны үед нээгдсэн орд байгаа юм. Энд ГХЭ-ийг дагаад уран ихтэй. 47 мянган тонн ураны нөөц тооцоолсон байна.

Тэр ордын хувьд хамгийн доод тал нь ураны нөөц 200 гр\тонн. Үүнтэй харьцуулахад, Халзан бүрэгтэйд 5-6 дахин бага байгаа юм.

Тийм учраас Халзан бүрэгтэй ордод дагалдах ураны орд гэж тооцоологдоогүй. Сая жишээ авсан Гринландын ордод болохоор ураныг дагалдах ашигт малтмалаар авна. 47 мянган тонн урантай. Жилд 430 тонн уран авна гээд ТЭЗҮ нь тооцоологдчихсон юм. Энд бол хөхүүлэн баяжуулах аргаар баяжуулаад, хүхрийн хүчил ашиглаад, ураныг нь салгаад, ГХЭ-ийг ялгаад л явчих юм билээ.

Халзан бүрэгтэйн хувьд бол ингэж задалж, салгах ч шаардлагагүй. Тэглээ гэхэд эдийн засгийн хувьд маш их зардалтай юм.

Тийм учраас нэг их айгаад, аюултай, байгаль орчин сүйтгэчихнэ гэсэн юм байхгүй.

Олон улсын түвшинд мөрдөж байгаа стандартын дагуу, Монголын төр өөрөө маш сайн хянаад, тэр компанийг дэмжээд өгөх юм бол дэлхийн хэмжээний томоохон технологи Монголд нутагших боломжтой гэж миний зүгээс харж байгаа. 

-Халзан бүрэгтэй төслийн ажил одоогоор зогссон. Орон нутгийн эсэргүүцэл халдлага болох хүртлээ хурцадсан харагдсан. Энэ байдалд юу нөлөөлсөн юм бол?

Уг нь төрөөс ГХЭ-ийн чиглэлээр маш их анхаарч ажиллаж байгаа нь харагдаж байна. БНСУ. АНУ, Польш, Англитай ГХЭ-ийн чиглэлээр хамтарч ажиллана гэсэн мэдээллүүд байна. Ерөнхий сайд очоод энэ талаар яриад, гарын үсэг зураад, хамтын ажиллагааны гэрээ зэргийг байгуулчихсан. Энэ нь цаанаа боловсон хүчнээ бэлтгэх, технологийг нутагшуулах гэсэн бодлого явж байгаа шүү дээ.

Тэгэхээр Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлж байгаа компани, ажилтнууд Монгол Улсынхаа төрийн бодлогод л нэмэр болж байна гэж миний зүгээс харж байгаа.

Гэтэл энэ мэтээр үйл ажиллагааг нь зогсоох зэрэг нь нэгдүгээрт, төрийн бодлогоо эсэргүүцэж байна, хоёрдугаарт, аливаа мэдээлэлд зөв үү буруу юу гэсэн дүн шинжилгээ хийх чадвар муутай юм болов уу гэж харж байна.

-Та бол судлаач хүн. Мөн энэ төслийн зөвлөх. Бид тантай адил багагүй судлаачтай уулзахад яг адилхан зүйл ярьдаг ч ил гарахаас айж байна. Нөгөө талаас эсэргүүцэж байгаа хүмүүс "эд нар худалдагдчихсан" гэх байх. Та тэр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

Геологи бол газар шинжлэлийн шинжлэх ухаан. Монгол Улсын эдийн засаг дээр л жишээ татахад, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70-аад хувийг, экспортын нийт бүтээгдэхүүний 90-өөд хувийг, ДНБ-ний 30-аад хувийг зөвхөн уул уурхай, эрдэс баялгийн салбараас гаргаж байна.

Тэгэхээр энэ бол хөгжлийн гол эх үүсвэр. Би бол геологийг хөгжлийг түүчээлдэг ШУ-ны салбар гэж хардаг. Эрдэнэтийн уурхай, Оюутолгойн уурхай, Тавантолгойн уурхай гэх мэт бүгд л геологичид бидний ажлын үр дүн шүү дээ. 

Судалгааны үр дүнд хаана, ямар зүйл, хэрхэн баяжиж, хүнд хэрэгтэй хуримтлалыг үүсгэсэн байна вэ гэдэг нь харагдаж байдаг. Түүнийг улс нь бодлогоор, компани нь үйл ажиллагаагаараа ард түмний амьдралыг дээшлүүлэхэд хэрэглэж байна гэж ойлгодог.

Тийм учраас бид судлах ёстой, үүнийгээ ард түмний төлөө ашиглуулах ёстой л гэж боддог. 

-Ярилцлагын туршид ГХЭ өндөр ач холбогдолтой талаар дурдагдаж байна. Тэгвэл яг ийм зүйлд хэрэгтэй гэсэн жишээ дурдвал?

Нийт 17 ГХЭ-ээс хамгийн үнэтэйд тооцогдох дизпрози зэрэг нь Халзан бүрэгтэйд байгаа юм. Үнэтэйгээс гадна зах зээлд ховордсон. Үүнийг дагаад өндөр технологи үйлдвэрлэх эсэх асуудал байгаа шүү дээ.

Бид бүгд ухаалаг утас хэрэглэж байна. Приусыг Япон үйлдвэрлэж байгаа ч тэд манайхыг приусын эх орон гэдэг. Эдгээр хэрэглээг чинь хангахын тулд ГХЭ хэрэгтэй.

Тийм ч учраас би Японд докторын зэрэг хамгаалсан. Тэндхийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, хөгжил ийшээ чиглээд байна шүү гэдгийг мэдээд, алт судалдаг байж байгаад 2005 оноос ГХЭ судалж эхэлсэн юм. Тухайн үед бол хүмүүс ойлгодоггүй байлаа шүү дээ.

Харин 2006-2008 онд ГХЭ-ийн үнэ огцом өссөн. Энэ үед манай улс юу ч хийж чадаагүй. 2014 оноос анхаарч эхэлсэн юм. Энэ үед аль хэдийн үнэ нь уначихсан байсан. Ордтой орнууд нь хэрэглээнд гаргачихсан байсан гэсэн үг. Үүнээс хойш аажмаар өсөж байна. Яг одоо бол дээр дурдсанчлан маш эгзэгтэй. Манай улсад ч ашигтай цаг үе шүү гэж дахин хэлье.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe