Г.Төгөлдөр-Эрдэнэ: 2020 оноос хойш үхчихсэн байсан “рок” 2024 оноос сэргэж байна

Ж.Номин
2025-07-01

Арван жилийн 5 хүү нэгдэн “Blindfold” хамтлагийг үүсгэн байгуулснаас хойш өдгөө 5 дахь жилийнхээ нүүрийг үзжээ. Бүгд нас биед хүрэн, 20 гаруй насны төлөөлөл болсон залуус Монголын Рок урсгалын хөгжилд хувь нэмрээ оруулахын сацуу өөрсдийн өнгө төрх, үзэл бодол, мэдрэмж, авьяасаа дархалж явна. Ийнхүү “Blindfold” хамтлагийн дуучин Ганболдын Төгөлдөр-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.  

- Blindfold хамтлаг хэдэн онд хэрхэн байгуулагдаж байв? Яаж нэг нэгнээ олж нэгдэв?

- Манай бөмбөрчин Gorill /Э.Оргил/ бид хоёр арван жилдээ нэг анги байсан. Тэгээд бид 2 аравдугаар ангиасаа өөр өөр сургууль руу шилжээд, тэндээсээ тус тусдаа хүүхдүүд цуглуулаад хамтлаг байгуулсан. 2020 онд хамгийн анхныхаа гишүүдийг тэгж сонгож авч байлаа. Манай хамтлагийн keyboard Манлай /М.Манлайбат/  Gorill бид хоёртой нэг сургууль, гэхдээ доод ангид сурдаг байсан. Дунд нь нэлээн олон хүн сольсон. Сүүлдээ Gorill бид хоёр хоёулхнаа үлдэж байгаад 2023 оны зунаас хойш яг одоогийн бүрэлдэхүүнээрээ явж байгаа. 

- Хэзээнээс яг “би урлагийн хүн юм байна, тэгээд бүр рок тал руу явах юм байна” гэх мэдрэмж төрөв? 

- Намайг жаахан байхад аав маань Linkin Park сонсдог байсан. Аавын талынхан ч бүгд хөгжмийн хүмүүс. Хар багаас л надад хөгжмийн авьяас байдаг юм шиг аав маань зааж, чиглүүлж өгсөн. Тэгээд л жаахандаа Linkin Park сонсож байгаад өсвөр насандаа сэтгэлзүй жаахан тогтворгүй болж эхлээд амьд хөгжим, рок, металл сонсдог болсон. Хувьссаар байгаад реп, жазз хөгжим сонсдог болоод байгаа. Манай хамтлагийнхан ч гэсэн бүгд рок сонсдог. Гэхдээ тавуулаа өөр өөр хамтлаг, уран бүтээлчдийг сонсдог ч бидэнд яг нийлэх цэг гэж байдаг. Бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг Radiohead, Deftones, Tool гэх хамтлагууд дээр яалт ч үгүй санаа нэгддэг. 

- Дуу хөгжим гээд сонирхоод эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байв. Одоо хэр дэмждэг вэ?

- Манай гэрийнхэн бол намайг жаахан давраачихсан. Өөрийнхөө хүссэн юмыг хийгээд өсчихсөн гэх үү дээ. Хамгийн гол нь миний мөрөөдөлд зааг тавихгүй, хазаарладаггүй. Хамтлагийнхны гэрийнхэн ч дэмждэг. Гэхдээ мэдээж аймар дэмжихгүй шүү дээ. Хүний эцэг эх болсон хойно карьер хөөлгөхийг бодно. Гэхдээ эсэргүүцэхгүй байгаа нь маш том дэмжлэг болдог юм шиг санагддаг. 

- Рок, амьд хөгжим сонсдог хүмүүс түүнийгээ л “ноён оргил” нь мэтээр үзэж, бусад төрлийн хөгжмийн урсгал сонсож буй хүмүүсийг үл тоох, харьцуулах хандлага гаргадаг юм шиг санагддаг. Тэр тал дээр ямар бодолтой байдаг вэ?

- Яг ийм юм боддог хүмүүсийг би “хөгжим хангалттай сонсоогүй” л гэж хэлнэ. Яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ гэхээр би бас ийм байсан. “Рок л аймар гоё. Жазз, хип хоп, soul бол жул” гэж боддог байсан. Гэхдээ рокоо сонсохын хажуугаар өөр төрөл жанрын дуу, хөгжмийг сонсоод ирэхээр хүний нүд нээгдээд, харах өнцөг өөрчлөгдөж, улам нээлттэй сэтгэдэг юм билээ. Манай хамтлагийнхан ч бүгдээрээ тийм. Ганц рок сонсдог хүн байхгүй. Бүгд жанрт баригдахыг хүсдэггүй. Өөр жанр сонсоод эхлэхээр хүний сэтгэлгээ нээгдэж, уран бүтээлч байдал нэмэгддэг. Тиймээс жанрт битгий баригдаарай л гэж хэлмээр байна.       

- Уран бүтээлч хүнд хамгийн анхны тайз, бүтээл санаанаас гардаггүй, сандралыг дээд цэгт нь хүргэдэг байх гэж боддог. Анхны тайзан дээр гарсан түүхээ хуваалцаач?

- Манай хамтлаг анх байгуулагдаж байхдаа “Бусад хамтлагууд тайзан дээр яг мод шиг зогсоод байна. Амьд тоглолт гэдэг чинь эрч хүчтэй, энтертайнментлаг байх хэрэгтэй” гэдэг дээр санаа нийлээд “Эрч хүчтэй гарч ирье” гэж ярилцаж байсан. Бидний хамгийн анхны тайз бол 2021 оны 1 сард. Тэр тайз болохоор манай дээд ангийн залуугийн эмчилгээний хандивт зориулсан тоглолт байсан юм. Бид хэд өмнө нь ерөөсөө тайзан дээр гарч үзээгүй. Зүгээр бэлдээд л байдаг байсан. Тэгээд яг тоглолт дээрээ очоод soundcheck-ээсээ эхлээд тоглолтоо дуусан дуустал бүтэн “файлдсэн”. Гэхдээ хамгийн гол нь эрч хүчээ ерөөсөө алдаагүй. Сугарч ч байсан, сандарч ч байсан эрч хүчтэй байх хэрэгтэй шүү гээд л бөөндөө бодчихсон байсан болохоор эрч хүчээ алдахгүй дуусгасан. Манай гитарчин цамцаа тайлаад л дээрээсээ ус асгаад л. Би болохоор тайзан дээр яаж савхаа ч ойлгохгүй, хөгжилтэй л өнгөрсөн. Тэрний дараа хамтлагийн бүрэлдэхүүнд маш том өөрчлөлт орж байлаа.      

- Анхны тайзны мэдрэмж нь ямар байв?

- Аймар сандарсан. Хүмүүс бид хэдийг нэг л таалахгүй байгаа юм шиг санагдаад л. Би хамгийн урд гарч, үзэгчидтэйгээ ойрхон байдаг хүн нь болохоор хамтлагийнхныхаа сандралыг дарж, үзэгчидтэйгээ харьцах үүрэгтэй байдаг. Гэтэл тухайн үед юун хамтлагийнхныгаа бодох мантай. Яаж сандрахаа болих уу л гэж их хичээсэн. Гэхдээ маш хөгжилтэй, амьд гэдгээ мэдэрсэн өдөр байсан. 

- Одоо нэлээдгүй тоглолтод оролцож байна. Сандрал нь арилсан уу? 

- Одоо ч гэсэн сандардаг. Бид хэд тоглолт бүрийн тайзны ард бие биедээ “сандарч байна” гэж хэлэхээсээ зүрхшээдэг. “Би сандарч байна” гээд хэлчихвэл нөгөө хэдийгээ давхар сандаргачих юм шиг санагдаад л. Тэгээд хэн ч “сандарч байна” гэж хэлдэггүй. Гэхдээ би лав тэд нарыг хараад л сандарч байгааг нь мэдчихдэг. Хамгийн сүүлд “Wake Up” фестиваль дээр аймар сандарсан.  Сандарлаа хөдөлгөөнөөрөө багасгадаг. Одоо ч гэсэн тайзны өмнөх сандрал байдаг. Цаашид ч сандарсаар л байх байх. 

- Дууны үгнүүдээ өөрөө зохиодог гэж сонссон. Ихэнх дууны үгнүүд нь англи хэл дээр байна лээ. Яагаад дандаа англиар дууны үгээ зохиодог вэ? 

- Бид хэд ер нь барууны хөгжмийн нөлөөлөлтэй. Тэгээд анхнаасаа дэлхий рүү гарна гээд шийдчихсэн. Тиймээс англиар дуулаад явж байгаа. Одоогоор гаргасан дуунууд ихэвчлэн англи хэл дээр байгаа. Гэхдээ энэ жил гаргаж байгаа “Боловсон хүчин” гээд шинэ цомгоо монголчууд руугаа монгол хэлээр гаргаж байгаа.   

- Сүүлд клипжүүлсэн “Шөлөндөг” гээд дууны талаар яримаар байна. Дууны үг, клипний зохиол, найруулга нь нэрээсээ шал өөр юм шиг санагдсан л даа. Энэ дуугаараа юуг илэрхийлэхийг зорьсон бэ. Бас яагаад нэрийг нь “Шөлөндөг” гэж өгсөн юм бол?

- Бид хэд “Шөлөндө”-д аймар их хоол иддэг байхгүй юу. Тэгээд “Шөлөндө гэдэг үгний араас Г үсэг залгачихвал Шөл+өндөг болох юм байна. Шөлөндөг гээд нэрлэчих үү” гээд л нэрлэчихсэн. Гэхдээ бүр Шөлөндөг (Mongolian Hit Song 2025) гэж нэрлэх гэж байсан. Тэгээд “За яах юм зүгээр “Шөлөндөг” гэдгээрээ явъя” гээд л тогтчихсон. Юм бүхэн аймар утгатай байх албагүй шүү дээ. Зүгээр л элийрэл. Дууны агуулгын хувьд хүн бүр түүхээ мэдэж байх хэрэгтэй. Манай үеийнхэн түүхээсээ холдоод байгаа юм шиг санагдаад байгаа. Барууны нөлөө, Орос, Хятад болоод бусад орны нөлөө орж ирээд л. “Түүхээ судал” гэхээр “Юун хөдөөгийн юм яриад байгаа юм. Юун “орк” юм яриад байгаа юм” гэх хандлагатай болоод байгаа юм шиг санагдсан. Ямар нэг улсын иргэн тухайн улсынхаа түүх соёлыг мэдэж байж цаашлах хэрэгтэй. Түүх, соёлоо мартчихвал улс орон мөхөх байхгүй юу. Манай үеийнхэн, бидний хүүхдүүд, хүүхдүүдийн хүүхдүүд түүх соёлоо мэдэхгүй бол тэгээд л цаашид өөр улс болчихно шүү дээ. Тиймээс “Түүхээ мэдээч ээ” гэх мессежийг өгөх гэж зорьсон. 

- Ер нь Blindfold хамтлаг уран бүтээлээрээ дамжуулж сонсогчдодоо юу хүргэхийг зорьдог вэ?

- Ерөнхийдөө мэдрэмжийн талаар илэрхийлэхийг зорьдог. Мэдрэмжээ чөлөөлж, илэрхийлэх талаар л дуулдаг. Харин “Боловсон хүчин” цомгийн тухайд улс төр, нийгэм рүү хандсан нэг том агуулгад баригдсан бүтээл болж байгаа. Өмнөх дуунууд бол өөр өөр утга агуулгатай байсан. 

- Өнгөрсөн хугацаанд туурвисан бүтээлүүд дундаас санаанаас нь гардаггүй, хамгийн сэтгэл өндөр байдаг дуу нь аль нь вэ?

- “Don't Get Up From Your Bed Until I Leave” гээд дуу байгаа. Энэ дуу миний хайрласан охины тухай дуу. Хүнд ер нь зориулж дуу хийнэ гэдэг новшийн юм билээ. Тухайн хүнээ сайнаар ч тэр муугаар ч тэр бодно. Тэр үед зохиосон дуугаа тайзан дээр байнга дуулах хэрэг гарна. Гэтэл дуугаа дуулах бүртээ тэр хүнийг бодно гэдэг новшийн. Гэхдээ нөгөө талаасаа маш үзэсгэлэнтэй. Хүнд дуу зохиож өгч байна. Хүний талаар дуулж байна гэдэг уран бүтээлч талаас ч тэр дууны эзэнд ч тэр гоё мэдрэмж. Гэхдээ одоо ч экстэйгээ гоё харилцаатай байгаа. Тийм болохоор битгий санаа зовоорой.   

- “The Rockstars of Mongolia will never innovate” гэх дуу нэг тогооны, нэг салбарын хүмүүсээ “дисс” хийсэн дуу гэж ойлгосон. Яагаад? Энэ дуу гарсны дараа адилхан рок хамтлаг, дуучдаас заналхийлэл, дургүйцэл ч юм уу ирж байсан болов уу?

- “Rockstar” гэх үг бол егөөдөж байгаа хэлбэр л дээ. Рок байх гээд хичээгээд байдаг гаруудыг егөөдөж байгаа гэх үү дээ. Аймар рок, металл байх гээд хичээгээд л, “Би бол рок, хүүхнүүдтэй явна, архи, тамхи хэрэглэнэ” гээд л. Тэр үе чинь одоо өнгөрчихсөн шүү дээ. Үнэхээр рок од бол хүлээн зөвшөөрье. Гэхдээ яг рок од байх гээд хичээгээд байдаг гаруудад л зориулсан дуу. Ганц жанртаа баригдчихсан гарууд л тийм байдаг. “Аймар металл хантааз өмсчихсөн, үхлийн металл” гээд л. Зан харилцаанаасаа эхлээд л тиймэрхүү золбин гаруудад зориулсан. Гэхдээ мэдээж хүн шиг хүмүүс ч байгаа. Ах хамтлагуудаас бол дээрэлхэл ирж байгаагүй. Магадгүй ойлгоогүй байх.    

- Playtime дээр 3 дахь жилдээ тоглох гэж байна. 23 жилийн түүхтэй энэ том наадамд сонгогдож орно гэдэг амьд хөгжмийн хамтлагуудын чансааг багагүй сорьдог байх. Танай хамтлаг Playtime-тай түүхээ хэрхэн бичилцэж эхэлж байв?

- Бид хэд 2021 оны 1 сард анхныхаа тайзан дээрээ гарчхаад тэр жилжингээ Playtime-д тэнцэх гэж бэлдсэн. 2022 оны Playtime наадмын Showcase 2021 оны намар болдог байсан. Аймар бэлдэж байгаад л Showcase дээрээ очоод soundcheck хийлгэх гэсэн хөгжмөө дуугаргаж чаддаггүй ээ. Гитарны эффект яагаад ч байгаа юм. Вовка ах гээд таних хүмүүс нь мэдэх байх. Бид хэд бол тухайн үед Вовка ахыг таньдаггүй байсан. Тухайн үед Вовка ах Sound engineer хийж байсан юм. Тэгсэн бид хэд гэж хэдэн бацаанууд тэнд хөгжимтэйгөө ноцолдоод, удаад байхаар Вовка ах тийрээд л, уурлаад л, үг хаяад л. Хажуугаас Нацагаа /Ц.Нацагдорж/ ах бид хэдийг болгочих гээд л “Байж бай. Та хэд наадхаа гоё дуугаргачих л даа” гээд л байдаг. Тэр үед бид хэдэд “Зайл” гээд нэг дуу байсан юм. Тэр дуугаа тоглох гээд л ярилцаад байж байсан чинь Вовка ах тэрийг өөрт нь хэлж байна гэж ойлгоод уурлачихсан. Их хөгтэй юм болж болж soundcheck-ээ хийсэн. Тэгээд soundcheck-ээ давчхаад л “За орой Showcase дээрээ юу өмсөх үү, хэдэн цагт очих уу, хэнтэй очих уу” гээд л бүгд хөөрчихсөн явж байсан чинь “Ахын дүү, та хэд дараа жилийн Showcase-д орчих” гээд л ярьсан байсан. Тэгээд  бүгд сэтгэлээр унасан даа. Хөөрхий минь… бид хэд бүтэн жил бэлдчихсэн байж байхад тийм юм болоод, аймар сэтгэлээр унасан. Тэр жилдээ хамтлагийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулаад дараа жилийнх нь Showcase-д орсон. Аниулдаг Showcase-ээсээ яг нэг жилийн дараа гэсэн үг. Бид хэд бүр жинхэнэ Playtime-ын хаалгыг өшиглөж орж ирээд л 2023 оноос хойш ингээд 3 дахь жилийнхээ Playtime-ыг үзэх гэж байна даа. 

- Showcase тайзан дээр гарах нэг өөр. Үзэгчдийн урд тоглох нэг өөр байх. Яг тайзан дээр гарсан сэтгэгдлээ хуваалцаач?

- 2023 оны Playtime бол миний өөрийн хамгийн анхны явсан болон оролцсон Playtime байсан. Яг нөгөө үерлэдэг Playtime. Гол тайз нь манай тоглох тайзтай нэг цагт тоглогдож таараад, манай тайзан дээр хүнгүй. Аймар бороо ороод л, дараа өдөр нь үерээс болж бүгд хөөгдөөд л. Гэхдээ гоё байсан. Өнгөрсөн жилийн Playtime бол шинэ талбайд маш гоё болсон. Хамгийн сүүлийн өдөр болсон болохоор эхний өдрүүдэд нь өөрсдөө шоудаад, нойргүй явчихсан болохоор маш их ядралттай гарч байсан. Гэхдээ гоё байсан. 

- Энэ жилийн Playtime наадмын бэлтгэлээ хийж байна уу. Хэдэн дуу толилуулах вэ?

- Энэ жилийнхээ бэлтгэлд гарчихсан явж байгаа. 10 дуу тоглоно. Дан ганц дуунуудаа бэлдэхээс гадна илүү энтертайнмент тал руугаа бэлтгэл хийж байгаа. Энэ жилийн Playtime-г хүлээж тэсэхгүй байна. Маш их догдолж байна. 

- Индонез улсын хөгжмийн наадам руу явна гэх мэдээлэл гарсан. Тэр тухай мэдээлэл өгөөч.

- Манай хамтлаг АXEAN гээд 9 сард Индонезийн Балид болох хөгжмийн фестифаль руу явахаар болсон. Тус фестиваль руу явах санхүүжилтээ босгохоор Fundea болон Playtime-тай хамтран ажиллаж байгаа. Эхний ээлжид хандив босгох багцуудаа зарлачихсан. 25000 төгрөгөөс эхлээд 1 сая төгрөг хүртэл 5 төрлийн багц гаргасан байгаа. Багцаасаа шалтгаалаад санхүүжилт өгсөн хүмүүстээ өгөх бэлэг байгаа. Бид хэд анх удаа өөр улсын тайзан дээр тоглох гэж байна. Тэрнийхээ зардлын санхүүжилтээ босгож байгаа гэсэн үг. Тиймээс та бүхэн монгол рок хамтлагаа дэмжихийг хүсвэл манай сошиал сувгууд руу ороод Fundea-гийн холбоосоор орж, биднийг дэмжээрэй. Маш гоё болох байх аа. Аймар догдолж байна. 

- Монголын рок урсгал хөгжлийнхөө аль шатанд явж байна гэж харж байна?  

- Миний харснаар 2020 оноос хойш монголын рок урсгал “үхчихсэн” байсан. Тэгээд 2024 оноос хойш сэргэж байна. Сэргэж байгаа нь яаж мэдрэгдэж байна вэ гэхээр аймар гоё гоё хамтлагууд гарч ирж байна. Өмнө жил Royal Heartaches, Mxrningstar маш гоё гарч ирлээ. Энэ хамтлагуудынхаа мөрийг түшээд сайн хамтлагууд ч шинээр гарч ирж байна. Түүнчлэн бидний ах хамтлагууд ч дахин гарч ирж байна. Тухайлбал, Mohanik, Night Train хоёр шинэ цомогтой эргэн ирж байна. Бидний үе тэнгийн найз хамтлагууд ч гарч ирж байна. Рок бол буцаад хөгжиж байна л гэж харж байгаа. Энэнээс өмнө бол хамтлагууд шинээр дуу гаргахгүй байж мөнгө олж, “халтуур” хийхийн тулд тоглолт хийдэг байсан. Энэ тал дээр Ginjin-гийн нэг бичлэг байсан шүү дээ. “Та нар шинэ дуу гаргахгүй байж үзэгчдээ шулж байгаа юм шиг битгий тоглолт хийгээд бай” гэдэг бол үнэхээр үнэн санагдсан. Үзэгчдээ хүндлээд, сонсогчдоо хүндлээд гоё л байх хэрэгтэй. 

- Амьд хөгжмийн хамтлагт тулгардаг нэг том бэрхшээл бэлтгэлийн байр гэж сонссон. Танайх энэ асуудлаа яаж шийдэж байна? Үүнээс өөр сонсогч фенүүдийн мэддэггүй ямар бэрхшээл, сорилтой тулгарч байна? 

- Хамгийн эхэнд санхүү. Хоёрт, бэлтгэлийн байрны дуугаралт. Гуравт, бид хэд бүгдээрээ ажил хийдэг болохоор нэг нэгнийхээ ажлын цагт тааруулж бэлтгэл хийнэ гэдэг бас асуудалтай. Одоогоор бид хэд хувь хүнийхээ хувьд хамтлагаасаа мөнгө олж эхлээгүй байгаа. Хамтлагаараа мөнгө олоод л бүгдийг нь хамтлагийн зээл, дараагийн уран бүтээлүүддээ зарцуулж байгаа учир ажил хийх хэрэгтэй. Тиймээс ажил хийгээд, цагаа зохицуулаад, бэлтгэлээ хийнэ гэдэг бол бас л бэрхшээл шүү дээ. 

- Спойлордох нууц байна уу?

- Манай хамтлаг 8 сарын 3-нд On’n Off продакшн дээр тоглолт хийх гэж байгаа. Энэ жил манайх 5 эвент хийхээр төлөвлөсөн. Эвент бүрээ нэг нэг гишүүнийхээ “special” хэлбэрээр зохион байгуулж байгаа. Хамгийн эхэнд миний “special” байсан. Дараа нь манай Гүнээ хийсэн Одоо 8 сарын 3-нд Манлайгийн “special” болно. “Special” хийж буй гишүүн нь тоглолтынхоо бүтэн найруулгыг өөрөө бие дааж хийнэ гэсэн үг. Ямар дуунууд тоглогдох вэ, яаж нээх вэ, ямар DJ оруулах вэ гэхчлэн бүх агуулгаа өөрөө хариуцаж хийнэ. Playtime-ын дараа “Line Up” зарлагдана. Та бүхэн хүрэлцэн ирээрэй

- Фенүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

- Би фенүүддээ гэж ярих дургүй. Харин биднийг сонсдог сонсогчдодоо хандаж хэлэхэд “Төдийгөөс өдий хүртэл биднийг унаж босох үед минь сонссоор л байгаа бүх найзууддаа баярлалаа. Та бүхэн бидний найзууд шүү. Бидэнд унаж босох үе зөндөө байгаа.  Ирээдүйд ч гэсэн унаж боссоор байх байх. Тэр үед ч гэсэн хажууд минь байгаарай. Бид хэд та хэдийнхээ итгэл, хүлээлтийг алдахгүй. Нэг л өдөр томорно. Тэр үед та хэдийгээ хэзээ ч мартахгүй. Маш их баярлалаа” гэж хэлмээр байна. Эцэст нь манай хамтлаг Playtime-ын 3 дахь өдөр шөнийн 00:00-01:00 цаг хүртэл “Bunkr” тайзнаа тоглоно. Тэр үед та бүхэнтэй уулзъя. Баярлалаа. Хайртай шүү. 

- Ярилцсанд баярлалаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe