Монгол бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр өнөөдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиож байна. Энэ жил Их эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож буй бөгөөд энэ өдөр улс даяар бүх нийтээр амарч, түүх соёл, үнэ цэнээ санан дурсдаг уламжлалтай.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Д.Өлзийбаатартай ярилцсанаа хүргэе.
- “Түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адил” гэдэг шүү дээ. Түүх, соёлоо мэдэж, дээдэлж явахын учир юу вэ?
- Монголчуудын туулж ирсэн түүх бол асар баялаг. Бидэнд алдаа ч байсан. Оноо ч байсан. Мандаж явсан ч үе бий. Дордож явсан ч үе бий. Энэ бүхэн бол бидний сургамж юм. Бид ямар үед хүчирхэгжин мандаж байсан бэ, үүний уг шалтгаан, учиг үзүүр юунд байна вэ? Мөн бид ямар үед доройтож байсан бэ, яагаад бид харийн эрхшээлд орсон бэ, яагаад хагарч хуваагдсан бэ, яагаад бутарч жижгэрсэн бэ энэ бүхэн бол бүгд сургамж юм. Иймээс л түүхийн алдаа нь ч, оноо нь ч бидний багш гэж ярьдаг. Өнөөдөр бид хаана яваагаа ойлгож, ирээдүйгээ тодорхойлох гол учиг үзүүр бол өнгөрсөн замналаа судалж, ухаарах явдал юм. Зөвхөн сайн явснаа дурсан санаж, унаж доройтсоноо мартвал өөдлөн дэвжихэд ихэд цаг хугацаа, зардал шаардана.
- Чингис хааны бий болгосон эв нэгдлийн зарчмыг өнөөгийн нийгэмд хэрхэн хэрэгжүүлбэл зохих вэ?
- Чингис хаан 13-р зуунд Монгол Улсыг мандан бадруулсны хамгийн гол хүчин зүйлсийн нэг нь эв нэгдлийг бэхжүүлсэн явдал юм. Чингис хаан тухайн үедээ монголчуудын орондоо орох завгүй, олзлогдон булаалдаж байгаа энэ явдал нь өс хонзон, хагарал хуваагдлаас үүдэлтэй гэдгийг л ойлгосон юм. Тиймээс овог аймгуудын дунд эв нэгдэл, итгэлцлийг бий болгож, өнөөдрийн Монгол Улсыг бүтээсэн юм. Эв нэгдэл гэдэг бол хоёр улс төрийн намын ойлголцол, зөвшилцлийн хүрээнд яригдах ойлголт биш бөгөөд бид яавал эвлэлдэн нэгдэж, нийтлэг зорилготой болох талаар эргэцүүлэх явдал юм. Өнөөгийн нийгэмд улс орны нийтлэг үнэ цэнийг тодорхойлох л хамгийн чухал явдал болоод байна. Харин бид өнөөдөр ямар ч нэгдмэл зорилгогүй хий хоосон намуудын сонгуульд зориулж бэлтгэсэн мөрийн хөтөлбөрөөр л амьдарч байна даа. Үүнийг л ухаармаар байна. Чингис хаанаас удирдагчийн хувьд суралцах хамгийн гол зүйл бол улс, эх орныхоо төлөө өөрийн амь биеэ огоорон зүтгэх явдал юм. Ердөө л энэ. Чингис хаан болон түүний залгамжлагч, жанждад хувийн эрх ашиг гэж огт байгаагүй. Ийм л хүчийг Чингис хаан бүрдүүлж чадсан юм. Тиймээс л улс орон хүчирхэгжиж, түүний захиргаан дор монгол төдийгүй дэлхийг төвхнүүлсэн байдаг. Төрд зүтгэх хүн гэдэг өөрийн эрх ашгийг хойш тавьж, түмний эрх ашгийг түрүүнд тавьдаг хүн байх ёстой. Гэтэл өнөөдөр нийтийн эрх ашгаас илүү улс төрчдийн хувийн эрх ашиг нь давсан учраас л монголчууд хүч сул, эв нэгдэлгүй хийгээд төр нь ямар ч нэр хүндгүй нөхцөл байдалд байна. Үүнийг л манай одоогийн удирдагчид болон ирээдүйн удирдагчид ойлгоосой гэж түүхч хүнийхээ хувьд ихэд хүсэж байна.
- Түүхч хүний нүдээр өнөөгийн нийгэмд ямар алдаа, дутагдал байна вэ, түүнийг хэрхэн засаж, залруулбал зохистой вэ?
- Монголын нийгэм 1911 онд алдаагаа ухаарч, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, түүнийгээ олж авсан. Энэ нь өмнөх алдаа болох Манжийн эрхшээлд орсноо үеэ ухаарч, түүхээсээ сургамж авч өөдлөн өндийсөн үе юм. Тэр үеэс хойш өнөөг хүртэл 110 гаруй жил өнгөрсөн байна. Хүн төрөлхтний хөгжлийн үсрэлт эхэлж буй энэ цаг үед өнөөдөр Монголын хөгжил зогсонги байдалтай байна. Яагаад бид эвлэлдэн нэгдэж чадахгүй байна вэ, яагаад бид хөрш зэргэлдээ улс орнууд болон нэг гараанаас хамт эхэлсэн орнуудаас хөгжлийн хоцрогдолтой байна вэ? Өөрсдөөсөө асуулт асууж, болохгүй байгаагаа мэдэрнэ гэдэг нь өөрөө чухал юм. Өнгөрснөө сөхөж, үнэлэхгүйгээр сайн сайхан зүйлийн төлөө тэмүүлэх ямар ч боломжгүй билээ. Үүнийг л ойлгож, санаагаа нэгтгэж чадвал бид хөгжихөд маш ойрхон байна. Учир нь өнөөгийн залуучууд аль хэдийн чадваржиж, ухаажиж, юм үзэж нүд тайлсан. Тиймээс улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа эдгээр дотоод нөөц, чадавхыг зөв зохион байгуулдаг, иргэддээ итгэл төрүүлдэг тийм л төр засаг л хэрэгтэй байна.
- Монгол бахархлын өдрийн ач холбогдлын талаар яривал?
- Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж, эх хааны дурсгалыг хүндэтгэнэ гэдэг бол их сайхан үйл хэрэг л дээ. Бахархал гэдэг бол түүх юм. Их хааны үлдээсэн өвийг хадгалж, түүнээс суралцах нь л чухал. Чингис хааны хөргийг залж, тугаа өндөрт залах нь мэдээж сайн үйл мөнөөс мөн. Гэхдээ түүний үлдээсэн ул мөр, өвийг өнөөдөр хэрэгжүүлж түүнээс сургамжлах нь зүйтэй. Их эзэн Чингис хаан бол монголчуудын бурхан багш хийгээд улс орныг байгуулсан эцэг нь юм. Тиймээс түнийг бурхны хэмжээнд хүндэлж, биширч байгаа нь их сайхан хэрэг.
- Та хэд хэдэн удаа түүхээ судалж, түүнээсээ сургамж авах хэрэгтэйг санууллаа. Тэгвэл өнөөдөр манай улс энэ жаягаар явж чадаж байна уу, таны харж буйгаар бидний дээр байгаа хүмүүс үүнийг хэр чухалчилдаг бол?
- Монголын түүхэнд түүхээ сайтар судалж бичсэн улс төрийн ганц л тэргүүн байсан. Энэ хүн бол Ерөнхий сайд А.Амар юм. Тэрээр “Монголчуудын түүх” гэх номыг бичиж байсан. Түүнийг төр барьж байсан үе нь бидний гунигт түүх болох хэлмэгдүүлэлтийн үетэй холбоотой. Би хувьдаа энэ хүнийг Монголын ард түмэнд үндэсний бахархлын үндэс суурийг тавьсан хүмүүсийн нэг гэж боддог. Харин түүнээс хойш буюу 1939 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд Монголын түүхийг судалж, удирдлага болгож явсан төрийн удирдагч хараахан гараагүй байна. 1990 оноос хойш ч түүхийн үнэ цэн, сургамжаас ойлгосноо хэрэгжүүлж ирсэн удирдагч хараахан төрж гарсангүй. Үүнээс тэд нөгөө л хувийн болон намын эрх ашгаа урдаа тавьж ирсэн нь харагдаж байна. Улс төрчид нийтийн эрх ашгийн төлөө өөрийгөө зольж, зориглож чадахгүй байна гэж би хувьдаа дүгнэдэг. Сайн цаг сайн хүнийг төрүүлдэг бол муу цаг муу хүнийг төрүүлдэг. Тиймээс аливаа улс орны иргэд сайн цагийг төрүүлэхийн тулд тэмцэх хэрэгтэй. Сайн цаг өөрөө ирдэггүй юм.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх