Чингис хаан 1220 онд Хархорумыг Монголын эзэнт гүрний нийслэлээр сонгосон нь одоо ч гэсэн монголчуудын үндэсний ухамсарт гүн гүнзгий учир утгатай газар юм. Хархорум хот нь тухайн үедээ улс төрийн төв, худалдаа, эдийн засаг, гар урлал, шашин, соёлын төв, олон улсын харилцааны томоохон зангилаа төв байжээ. Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн (МУИС) ШУС-ийн Антропологи, археологийн тэнхимийн профессор, археологич, доктор Уламбаярын Эрдэнэбаттай товч ярилцсанаа хүргэе.
- Хархорумын малтлага судалгааг хамтарч хийж буй түүхэн ач холбогдлын талаар хүүхэд залуустаа хэлж үлдээгээч.
- Монгол, Германы хамтарсан Хархорум экспедицийн малтлага судалгааны үр дүнд олон шинэ зүйлийг хөдөлшгүй баримтаар тогтоосон. Жишээ нь, хуучин судалгаагаар Өгөөдэй хааны сууж байсан орд харш гэж үзэж байв. Сүүлийн судалгаагаар Хархорум бол хааны орд биш харин Мөнх хааны үед барьж төгсгөсөн, буддын шашны их сүмийн үлдэгдэл болохыг баталсан. Сурвалж бичигт тэмдэглэгдсэнээр энэ нь таван давхар гурван зуун тохио өндөртэй, одоогоор 90 гаруй метр өндөр тухайн үеийнхээ хамгийн аугаа байгууламж байсныг олон талын хөдөлбөргүй баримтаар нотолсон.
-Тэгвэл хааны ордон хаана байсан бэ?
- Одоогийн Эрдэнэзуу хийдийн доор байна. Эрдэнэзуу хийдийн 108 суваргатай хэрэм бол 13 дугаар зууны үеийн Хархорум бол хааны ордны дээр баригдсан. Тэгэхээр дараагийн эрэл хайгуул энэ чиглэл рүү хөтөлж байна. Сүүлийн үед ХБНГУ-ын томоохон эрдэм шинжилгээний их дээд сургуулиудын нэг Боннын их сургуультай хамтарч, Хархорум хотын бүх талбайгаар геофизикийн судалгаа хийж, газрын хөрсөн дээрх бүтэц зэргийг нягтлан тодорхойлсон. Улмаар Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулж буддын шашны их сүмийн үзвэрийг олон нийтэд дэлгэх ажлыг хоёр орны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр хийсэн.
-Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах төсөл ямар шатанд яваа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд өмнөх судалгаагаар олж илрүүлсэн үзмэрүүдийг бид шороон дор булаад орхиод байх биш тэдгээрийг шат дараатайгаар олон нийтэд ил үзмэр болгох, гадаад дотоодын аялагч нарт дэлгэх үзмэрийг баяжуулах ажлыг төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Хархорум хотын малтлага судалгааны ажлыг 2000 оноос эхлээд Монгол Герман хоёр орны Ерөнхийлөгч ивээлдээ авсан нь онцгой ач холбогдолтой. Энэ сэдэв олон арван жилийн турш Монголд хаалттай байж ирсэн. Монголчууд эзэнт гүрэн, их хааныхаа нэрийг нэг хэсэг дурсах эрхгүй байсан. Монголчуудын эв нэгдэл, үзэл санааны бахархлыг сэргээхэд Орхоны хөндий дэх судалгаа бол түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
-Хархорум хотын судалгаа малтлагад Германы тал их чухал түүхэн дэмжлэг үзүүлжээ.
-Монгол, Герман хоёр улс бол шинжлэх ухаан, соёлын салбарт удаан жилийн амжилттай хамтын ажиллагаатай. Энэ хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон нэг салбар бол Монгол, Германы археологичдын хамтын ажиллагаа. Сүүлийн 30 орчим жил хамтран судалсан Орхоны хөндийд байгаа Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Уйгурын хаант улсын нийслэл Хар балгасны малтлага судалгаа онцгой байр суурьтай. Энэ хотын гол, гол хэсгүүдийг малтаж судалж, түүхэнд байсан байр суурийг тодруулж, хотын үйл ажиллагаа, цар хүрээ оршин суугчдын нөхцөл байдал ямар байсан гээд олон талыг таньж шинжлэх ухааны олон амжилт гаргасан. Шинэ залуу судлаачдыг гаргаж ирсэн гээд хамтын ажиллагааны ололт амжилт олон. Ер нь бол хоёр орны археологичдын хамтын ажиллагаа 100 гаруй жилийн түүхтэй. Монголд анх археологийн судалгаа хийсэн Орхоны хөндийн экспедицийг удирдаж байсан академич Василий Васильевич Радлов нь Берлин хотод төрсөн, түрэг судлаач хүн байсан. Дараа нь 1920-иод оны дунд үед Монгол хүүхдүүдийн Герман, Францад сургаж байсан. Тэдгээр хүүхдүүдийг Дэмчигийн Буддарь багш бие дааж, дорно дахины болоод Европын орнуудад аялж байсан. 1923 онд Рой Чапмен Эндрюсын экспедиц оролцож Монголын талаас Палеонтологи , археологийн анхны судалгааг эхлүүлсэн. Тэр үед Германы нэрт монголч эрдэмтэн профессор Эрих Хэниш нь Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржтой их сайн харилцаатай байсан. Социализмын он жилүүдэд 1961-аад оноос Германы Лайпцигийн их сургуулийн профессор Йоханнес Шуберт, Халле-Виттенбергийн их сургуулийн эрдэмтэн доктор Дитрих Маниа, Монголын алдарт түүхч, ууган археологич Х.Пэрлээтэй хамтран Монголд хамтарсан экспедицийг ахалж байв. Энэхүү судалгаагаар тэд Бурхан Халдун ууланд авирсан анхны Европ хүн болж, Чингис хааны булшийг эрж хайх, тэндэх эртний хот сууринг судлах ажлыг хийсэн түүхтэй. Шинэ үеийн судалгаа 1990 онд Монгол орон ардчиллын замд орсон тэр үед эхэлсэн. Их Монгол Улсын нийслэл Хархорум хот дээр судалгааны ажил зангидагдаж ирсэн.
Сэтгэгдэл үлдээх