Багшийн сул орон тоо 2900-гаар нөхөгдөж, багш бэлтгэх 45 хоногийн сургалтын бүртгэл эхэлжээ

Ж.Номин
2024-11-18

Боловсролын салбарт өнгөрсөн долоодугаар сарын байдлаар 4217 багшийн сул орон тоо гарч, "Багш бэлтгэх 45 хоногийн сургалт"-ын журмыг өнгөрсөн есдүгээр сард баталсан. Түүнчлэн багшийн хомсдолыг нөхөх чиглэлээр зургаан багц арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд есдүгээр сарын сүүлээр 2078, аравдугаар сард 1289 багшийн сул орон тоо үлдсэн.

Ийнхүү боловсролын салбарт дутагдаж буй багшийн сул орон тоо гурван сарын дотор 2928-р нөхөгдсөн эерэг үр дүн гараад байгаа юм. 

Тэгвэл  "Багш бэлтгэх 45 хоногийн сургалт"-ыг таван их сургууль эхлүүлжээ. Тодруулбал, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс МУБИС, Олон улсын Улаанбаатар эрдэм их сургууль, СЭЗИС-ийн харьяа Боловсролын их сургууль, Орхон, Отгонтэнгэр их сургууль дүгнэлтээ гаргуулсан байна. Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалт нь 45 хоногоос ихгүй хугацаатай байна гэж тусгасан бөгөөд сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулах аж. 

МУБИС-ийн багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 13-нд эхэлсэн бөгөөд 45 хоногийн сургалтын төлбөрийг 1.053.000 төгрөг байхаар тогтоожээ. 

Нэн тэргүүнд багшийн орон тоо дутагдаж байгаа мэргэжлийн төрөлд англи хэл, физик, математик, хими, технологийн багш орж байгаа бөгөөд 45 хоногийн сургалтад бүртгүүлэх элсэгчдэд дараах шаардлагуудыг тавьж байгаа юм. Үүнд: 

  • Бакалаврын дипломын голч дүн 2.7-оос доошгүй байх,
  • Шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, 
  • Монгол хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,
  • Сэтгэцийн өвчин эмгэггүй байх ёстой юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe