НИТХ-ын чуулганы ирцийг нээлттэй болгоё, А.Баяр дарга аа

Ж.Номин
2024-11-19

Өнгөрсөн аравдугаар сарын 11-нд улс орон даяар сонгуульдаж, 3 сая ард түмнийг төлөөлөх 8031 төлөөлөгчийг сонгосон. Дээрх 8031 төлөөлөгчөөс хамгийн чухал нь нийслэлийг төлөөлөх 45 төлөөлөгч юм. 

Учир нь Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувьд хүн амын 50 хувь нь бөөгнөрөн амьдарч буй Улаанбаатар хотын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх чухал үүрэгтэй хүмүүс бол тэд.  

Хэд хоногийн турш гудамж метрлэн, тойргийнхноороо хэсэж, уулзалт хийн, өөрсдийгөө сурталчлан, “улс орноо хөгжүүлнэ, мэддэг чаддаг бүхнээ зориулна, иргэдээ сайхан амьдруулна” гэж амлан, өөрсдийгөө магтаж явсан тэд өнгөрсөн баасан гарагт /2023.11.15/ анхны чуулганаа хийв. 

Гэвч амлалт өгч байсан 45 гишүүний 19 нь эхний чуулгандаа хоцорсон байдаг. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын дарга А.Баяр чуулганыг нээхдээ ирцийг дурдаж, “45 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч ирсэн тул чуулганыг нээж байна” хэмээн хурлаа эхлүүлэв.  

Тус өдөр чуулсан хуралдаан 3 удаа завсарласан бөгөөд хамгийн сүүлчийн завсарлагаа 14:30 цагт дуусаж, төлөөлөгч нар хуралдаа орсон. Өөрөөр хэлбэл 14:30 цагаас сүүлийн асуудлуудыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд 02:30 цаг хуралдан, 18:00 цагийн үед дууссан юм. 18 цагийн үед явуулсан санал хураалтад 45 төлөөлөгчөөс 39 төлөөлөгч оролцсон байгааг шууд дамжуулалтаас нь харж болно. Тэгэхээр чуулганы эхэнд хоцорсон 19 төлөөлөгчийн 13 нь уварч цувран хуралдаа суусан бололтой. Тэгвэл үлдсэн 6 “том толгойтой” төлөөлөгч хэн бэ?

Эргэн сануулахад 2024 оны 10 сарын 17-ны УИХ-ын чуулганд 126 гишүүнээс 70 гишүүн ирж, 55.6 хувийн ирц бүрдсэн. Үүнээс болж ил тод байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор parliament.mn сайтад гишүүдийн чуулганы ирцийг нарийвчлан мэдээлэхээр болсон. 

Гишүүдийн ирцийг цаг минутаар нь, хоцорсон, тасалсан, чөлөөлөгдсөн шалтгаанаар нь нарийвчлан, ил тод мэдээлэлдэг болсноор үр дүн гарч, гишүүд чуулгандаа идэвхтэй оролцдог болсон. Уг нь ч заавал ингэж “донгодуулж” байж чуулгандаа суух учиртай биш. Тэдний үүрэг нь хуралдаа сууж, иргэдээ төлөөлөх юм. 

Тэгэхээр УИХ-д нэвтэрсэн “ирцийг нээлттэй мэдээлэх” энэ жишгийг НИТХ-д нэвтрүүлэх хэрэгтэй байна. 

Чуулганы эхний хуралдаа хоцорсон 19 гишүүн ямар ажил бүтээж яваад ийнхүү хоцров, огт суугаагүй тэр 6 төлөөлөгчид ямар зовлон гачигдал үүсээд “том толгойлов” гэдгийг ард түмэн мэдэх эрхтэй болов уу.

Уг нь ч НИТХ-ын ажлын алба, хуралдаан зохион байгуулагч нь хуралд ирсэн цаг, минут, тасалсан шалтгааныг нь шивээд л оруулчих энгийн ажил байгаа юм. 

Хүний мууд дурлах гэсэндээ ч биш. Биднийг төлөөлж чадна гээд сонгогдсон төлөөлөгч нар төлөөллийн ажлаа хэр хийж байна вэ, цаг баримталж байна уу, чуулганаа хүндэтгэж байна уу гэдгийг л мэдэх гэсэн хэрэг юм шүү. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe