Хотын даргыг уучлал гуйхгүй бол ЕС болон шүүхэд хандана гэв

Ж.Номин
2024-11-19

Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос нийслэлд улсын дугаар олгохыг хязгаарлаж буйг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. 

Эко авто машин импортлогчдын холбооны тэргүүн Ц.Лхагважав “Бид нийслэл, засгийн газраас хэрэгжүүлж буй түгжрэлийг бууруулах бодлогыг эсэргүүцээгүй. Бид ч гэсэн хотын иргэд. Бусадтай адил түгжрэлийн горыг амсаж байгаа жирийн иргэд. Гагцхүү түгжрэлтэй тэмцэж буй арга хэлбэр, хууль журам нь амьдралд нийцэж байна уу гэдгийг эргэн хараасай. Дугаар олголтыг хязгаарласнаар хар зах дээр автомашины дугаарын үнэ тэнгэрт хадсан. Хамгийн багадаа л 2 сая төгрөгөөс эхэлж байна. Эрхэм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Нийслэлийн засаг дарга анхааралдаа авч, иргэдийн эрхийг зөрчсөн хязгаарлалтаа эргэн хараарай. Иргэдэд сонголтыг нь өгөх хэлбэрээр эдийн засгийн аргаар шийдэж болно. 

Түүнчлэн НИТХ-ын чуулган дээр Хотын дарга Х.Нямбаатар маш бүдүүлэг мэдэгдэл хийсэн. Бидний хувьд уг асуудал дээр хэн нэгэн хүн рүү халдах биш асуудалтай нь тэмцэхийг зорьж байсан. Гэтэл Хотын дарга нь жирийн бизнес эрхлэгчдийг эрхэлсэн ажил хөдөлмөрөөр нь ялгаварлан гадуурхаж, монгол төгрөгийн үнэ цэнийг уландаа гишгэлсэн үг хэлэв.

Энэ үйлдэлдээ яаралтай уучлал гуйхгүй бол Ерөнхий сайдад хандах болно.

Сонгууль дуусаад маргааш нь “Та нар май шүү” гэж хэлж байгаа юм шиг байлаа” гэв. 

Эко авто машин импортлогчдын холбооны УЗ-ийн гишүүн Н.Шагдар “Биднийг татвар төлдөггүй гэж хэлж байсан. Бид хэзээ зарагдах нь мэдэгдэхгүй автомашиндаа гаалиар орж ирэхэд нь л бүх татвар төлбөрөө төлдөг. Дам нөлөөллөөрөө давхар ажлын байр ч бий болгож байгаа. Хамгийн ил тод татвар төлдөг бизнес бол автомашины худалдаа. Гэтэл улсын гадаад валютын нөөцийг бид гадагшлуулдаг мэтээр ташаа мэдээлж, “ХАЛТАР” гэж цохон доромжилсондоо албан ёсоор уучлал гуйхыг шаардаж байна. Үгүй бол бид нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Улсын валютын нөөцийг яаж шавхсан, халтар гэдэг үгээ хотын дарга нотлоорой” хэмээсэн юм. 

Бизнес эрхлэгчдийн зүгээс шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст 3 шаардлага тавьсан юм. Үүнд:

  1. Импортоор орж ирж буй автомашинд улсын дугаар олгох журмыг дахин боловсруулж, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлыг тусгах. Тодруулбал, аливаа хууль, журмыг боловсруулахдаа эрх нь ашиг нь хөндөгдөж буй бизнесийн байгууллагыг хамгийн бага хохиролтой байлгахаар тусгах ёстой юм.
  2. Ачигдаад ирж буй 37 мянга гаруй машинд улсын дугаар олгох. 
  3. Улсын бүртгэлийн дугаар авахад тавьж буй шаардлагын заримыг нь хасах. Тодруулбал, машиндаа улсын дугаар авахын тулд хувьдаа зогсоолтой, гарааштай байх ёстой гэж журамд тусгасан нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчиж байна. Мөн 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн, эко, 0 километртэй гэж шаардлага тавьсан нь 100-150 сая төгрөгтэй хүн л машин унаж, бусад нь алх гэснээс өөрцгүй гэдгийг онцолж байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe