"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол өнөөдөр Хууль зүйн байнгын хороонд болж байна.
Оролцогчид дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.
С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгт буруутгагдаж, дараа нь цагаадсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: "Миний дүү эрүүдэн шүүлтийн улмаас ял авч, 5 жил 9 сар хоригдсон. Жаахан яаруулбал сандарч, унаж татдаг учраас би өмнөөс нь ярьж байна. Яргалал тамлал дунд явсаар гарсан. бид нөхөн төлбөр авах асуудлыг БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч есөн удаа буцсан. Энд ч мөн эрүүдэн шүүлт явагдаж байна. Энэ хэлмэгдсэн хүмүүст тусад нь хууль гаргаж өгөөч гэж хүсмээр байна"
Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг: “Өмгөөлөгч шүүх хуралдаанд тэгш мэтгэлцэж чаддаггүй. Мөрдөгчид “Мөрдөн байцаах ажиллагаа дууссан хойно л танилц” гэдэг. Прокурор болохоор хүссэн үедээ татаж аваад мэдээлэлтэй танилцчих жишээтэй. Иймд хуулиа л өөрчилмөөр байна. Яллах цагаатгах бүх талаас бүрдүүлэх, нотлох баримтыг эргэлзээгүй хангах гэдгийг баримталмаар байна"
Сэтгүүлч А.Баярмаа: “2024 оны нэгдүгээр сард, өглөөний 07.00 цагт манай гэр машинд нэгжлэг хийснээр эрүүдэн шүүлт эхэлсэн. "Чиний гэм буруу тогтоогдсон" гэх мэтээр ярьж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ үйл явдлыг хойно сууж байгаа цагдаа нар мэдэж байгаа. Үүгээр нь АТГ-т хандсан. Мэдүүлэг авах өрөөнд дуу дүрсний бичлэг хийдэг. Гэтэл миний дууны бичлэг байхгүй, миний хэлээгүй үгийг нэмж бичсэн байдаг"
Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: “2024.02.06-нд суллагдаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл гэрийн хорионд байсныг 4 жил 9 сарын ялаас хасаагүй. Мөн өмгөөлөгчгүй хуралдсан. Энэ бол цэвэр эрүүдэн шүүлт болсон. Эрүүдэн шүүлтийг зодож цохидог юм уу гэж боддог байсан. Гэтэл сэтгэл санааны хохиролд оруулж чангалдаг юм байна”
Сонсгол 15 цаг 50 минутын байдлаар үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх