Улаанбаатар хот 500 сая долларын бонд хаалттай байдлаар амжилттай гаргалаа

Ж.Номин
2024-11-20

Улаанбаатар хот 7.75%-н хүүтэй 500 сая долларын бонд хаалттай байдлаар амжилттай гаргалаа. Тус бондыг 2027 оны 8 сард эргэн төлнө. Бондын мөнгөөр Сэлбэ хорооллын бүтээн байгуулалт, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогод зориулна гэв.

Эргэн сануулахад, Өрийн удирдлагын тухай хуульд 2024 оны зургаадугаар сард өөрчлөлт оруулж Нийслэл Улаанбаатар хот гадаад бонд гаргах боломжтой болсон. УИХ болон Засгийн газраас бонд гаргах зөвшөөрлүүдээ авсан байдаг.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод гадаад бонд гаргах хоёр боломж байсан. Нэг нь нээлттэй зах зээл дээр төслөө танилцуулах байдлаар бонд босгох, нөгөө нь цаг хугацаандаа тохирсон хаалттай бонд гаргах. Учир нь, энэ жилийн бонд гаргах хугацаа 12-р сарын 31-нээр дуусгавар болно. Нээлттэй байдлаар гаргая гэхээр ирэх жил хүртэл хүлээх, дахиад Өрийн удирдлагын тухай хуульдаа өөрчлөлт оруулах, төсөвт тодотгол хийх шаардлагатай тулна. Дээрээс нь, хотын бонд валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хувь нэмэр оруулах учраас гадаад бондоо хаалттай хэлбэрээр 7.75 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 500 сая ам.долларыг босгосон" гэв. 

Ийнхүү бондын мөнгөөр Сэлбэ дэд төвийн бүсэд 12 мянган айлын орон сууцны цогц хорооллыг "20 минутын хот" концепцийн дагуу барьж байгуулах аж.

Орон сууц ашиглалтад ороход газар чөлөөлөлтөөр айлуудыг байранд оруулж, гэр хорооллыг орон сууцжуулна. Мөн чөлөөлөгдсөн газруудаас эдийн засгийн эргэлтэд оруулж, бондын эргэн төлөлтөө хийхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe