Цуу ярианд итгэх үү, шинжлэх ухаанд итгэх үү

Ж.Номин
2024-11-20

ЭМЯ 11 сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг вакцин хийж эхлэхээ мэдэгдэв. Дэлхий дахинд ХПВ-ийн 200 гаруй хэв шинжийг судалж тогтоосон байдаг. Үүний 50 хувь нь  бэлгийн замаар дамждаг. Энэ вирусийг авлаа гэхэд шинж тэмдэг илэрдэггүй. Эрэгтэй, эмэгтэй хүнд ХПВ нь үтрээ, бэлгийн уруул, шодой, ам, хоолой, умайн хүзүүний хорт хавдар зэрэг зургаан төрлийн хорт хавдрын шалтгаан болдгоос гадна бэлгийн үү, ургацаг үүсгэдэг аж.

ХПВ-ын сөрөг нөлөө 

  • ХПВ нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын 75 хувь нь ХПВ-ийн 16 болон 18 хэв шинжээр үүсгэгддэг байна. 
  • Насанд хүрсэн хүн амын 80 хувь нь амьдралынхаа аль нэг үед энэ вирусийн халдварт өртдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. 
  • ХПВ-ийн халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах боломжтой юм байна. 
  • Хавдар хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг байдаг аж.

ХПВ монголд…

ЭМЯ-ны зүгээс "Дэлхийн улс орнууд “умайн хүзүүний хорт хавдаргүй” гэдгээ зарлаж байгаа өнөө цагт Монгол Улс Азидаа энэ төрлийн хавдраар тэргүүлж байна" гэв. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалт дэлхийд 12 хувьтай байдаг бол манай улсад 35-аас дээш хувьтай байгаа нь дэлхийн хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт юм. 

  • Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөн байна.
  • Улсын хэмжээнд 2019-2023 онд умайн хүзүүний хорт хавдрын улмаас 799 хүн нас барсан байна.
  • 2023 онд  Монгол улсад 425 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон бөгөөд энэ нь  нийт оношлогдсон хорт хавдрын дөрөвдүгээрт орж буй үзүүлэлт аж. 
  • Жилд 160 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж, 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
  • Үүний гол шалтгаан нь бэлгийн замаар дамжин халдаж буй хавдар үүсгэгч Папиллома вирусийн халдварын дамжилт юм.

4700 гаруй хүнээ өвчнөөс хамгаалах боломж байсан

  • 2012 оны 3 сарын 12-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг эргэн дуудах тогтолцооны удирдамжийг нэгдүгээр, “Хорт хавдар бүртгэх удирдамж”-ийг хоёрдугаар хавсралтаар баталж байжээ.
  • Ийнхүү Монгол Улс одоогоос 12 жилийн тэртээ умайн хүзүүний хорт хавдрын эсрэг аяныг анх эхлүүлж байв.
  • Учир нь 2012 онд ДЭМБ-аас манай улсад хорт хавдар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдар их байгааг анхааруулсан байдаг.
  • 2012 оны дөрөвдүгээр сараас 12-15 настай охидыг вакцинжуулах ажлыг төлөвлөжээ.
  • Ингээд 10.000 гаруй охидод вакцин хийсэн ч, төд удалгүй эсэргүүцэлтэй тулснаар энэхүү ажил замхарч, зөвхөн сайн дураар хийлгэх хүсэлтэй хүн ХСҮТ-д хандах зохицуулалтыг хийж байв.
  • ХСҮТ-өөс 2012 онд  папиллома вирусийн вакцин хийлгэсэн охидын дунд судалгаа хийжээ. 
  • Дархлаажуулалтад хамрагдсан охид умайн хүзүүний хорт хавдраас 92 хувь хамгаалагдсан гэх үр дүн гарсныг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ыг үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан онцолсон. 

Хожимдсон харуусал

12 жилийн өмнө “Охидыг үргүй болгодог. Туршилт хийж байна” гэсэн буруу мэдээллийг нийгэмд тарааснаар энэ хөтөлбөр зогссон. Энэ талаар тухайн үеийн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон 

-Дархлаажуулалт эхлэхэд миний бие ард түмний нүдэн дээр өөрийнхөө 13 настай охинд вакцин тариулсан. Хэрэв тус вакцин хортой байсан бол би хүүх­дэдээ тариулахгүй шүү дээ. 2012 оны долоодугаар сард засаг солигдож, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал томилогдож ирсэн. Тухайн үед вакцинтай холбоотойгоор “Охидыг үргүй болгох гэж байна. Туршилт хийж байна” зэрэг эсэргүүцэл үүссэн. Ингээд тус Засгийн газар вакцинжуулах үйл явцыг зогсоож, үлдсэн тун буюу гурав­дугаар тунг бүгдийг нь үхүүлсэн. Ту­хайн үед Н.Удвал сайд дэмжиж, тууш­тай байсан бол дархлаажуулалт зог­сох­гүй байх боломж байсан.

Цаашид яах вэ?

2030 он гэхэд дэлхийн бүх улс оронд дараах 3 зорилтод хүрч, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулах, улмаар устгах зорилт тавьсан байна. Үүнд:

  • 15 нас хүртэлх охидын 90 хувийг ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах,
  • 35 ба 45 насныхны 70 хувийг өндөр мэдрэг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулсан байх,
  • Умайн хүзүүний эмгэгтэй эмэгтэйчүүдийн 90 хувийг шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамруулсан байх зорилтыг дэвшүүлсэн.

Дэлхийн 150 гаруй улс орон ХПВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, дархлаажуулалтын үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe