Өнөөдөр дараагийн УИХ-ын дарга тодорч, Засгийн газраас зарим гишүүд хасагдана

.Graph
2025-10-28

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 12:00 цагаас болно.

Удирдах зөвлөлийн хурлаар юу ярилцаж болох вэ?

Нэгдүгээрт дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг асуудлыг ярилцах магадлалтай. МАН-ын талаас томилогдсон УИХ-ын дарга, дэд дарга хоёр нь хоёулаа чуулган даргалах боломжгүй нөхцөлд орчхоод байгаа. Сөрөг хүчинд тийм ч удаан чуулганы алхыг атгуулахгүй нь мэдээж. Тийм ч учраас олонхоос дараагийн намын даргыг нэр дэвшүүлнэ гэж хуульд заасны дагуу нэг хүний нэр гаргаж ирнэ. Харин тэр нэр дэвшигч нь хэн байх вэ гэдэг асуудал МАН дотор хүмүүсийн чихийг ажиллуулж байна. Эх сурвалжаас сонсоход одоогоор УИХ-ын даргад С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан нарын нэр яригдаж байгаа бололтой. Ж.Энхбаяр бол МАН-ын зөрчилдөөний цаад эзэн У.Хүрэлсүхийн талаас дэвшүүлж байгаа хүн. Харин С.Бямбацогт хоёрдугаар дүр Г.Занданшатарын санал болгож байгаа хүн байх. Төв цэгээс хол байгаа Л.Энх-Амгалан харин Д.Амарбаясгалангийн талаас зүтгүүлж байгаа хүн бололтой. Гэхдээ дэндүү сул нэр юм.

Үүнээс харахад том ахын яамаа нүүлгэж өөрийнхөө ажил руу дөхүүлдэг сайд найз нь УИХ-ыг даргалах магадлал өндөр харагдаж байна.

Дараагийн асуудал нь одоогийн Засгийн газрын бүтэц. Анзаарсан бол Засгийн газрыг огцруулах өнгөрсөн долоо хоногийн чуулганы санал хураалтад Засгийн газрынхаа эсрэг шууд биш ч шууд бусаар оролцсон хэд хэдэн сайдууд байгаа. Тухайлбал Боловсролын сайд П.Наранбаяр, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан нар юм. Мөн одоогийн засагт хангалттай ажиллахгүй байна гэж дүгнэсэн Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн нарын нэр ч тэдэнтэй хамт хасагдахаар яригдаж байна. Нэг ёсондоо Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн нараар туг тахиж Засгийн газар бага ч болов нэрээ цэвэрлэх нь ээ. Гэхдээ яамдын тоогоо цөөлж зардлаа танах ажил хийхгүй бол мянга нүүрээ солиод дотор хүн нь солигдох биш дээ.

МАН-ын Удирдах зөвлөл 32 гишүүнтэй. Дүрэм ёсоор намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ахалдаг. Эдгээр 32 гишүүнээс 40 гаруй хувь нь одоогоор Д.Амарбаясгалангийн талд зогсож байгаа хүмүүс байгаа бол үлдсэн 50 гаруй хувь нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар замыг нь зааж өгсөн хүмүүс байна. Хоёр тал болж хуваагдсан МАН том ахын бүлэглэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын дарга гэх мэтчилэн бүхнийг атгах тал руу хазайж байгаа бололтой. Нэг талд бүх зүйл гарах нь нэг талаараа ажил урагшилж, шийдвэрүүд хурдан гардаг давуу талтай ч нэг хүний дарангуйлал үүсгэх сүүдэртэй тал ч бий гэдгийг санах нь зүйтэй билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe