"Баримт нэн тэргүүнд" сүлжээний олон нийтийн төлөөх шилдэг бүтээлүүд шалгарлаа

Ц.Чимэдцэеэ
2024-11-21

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны шилдэг оролцогчид шалгарлаа. 

Уралдаанд “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээн дэх сэтгүүл зүйн редакцууд оролцсон юм. Нийт есөн редакцын бүтээлээс тэргүүн байрыг GoGo.mn мэдээллийн сайтын хамт олон “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ВАКЦИН охидыг ҮРГҮЙ БОЛГОДОГ УУ?” цуврал бүтээлээр, хоёрдугаар байрыг iToim.mn сайтын хамт олон “Уран, шар нунтгаар айлгасан "хортой" мэдээллийн мөрөөр” бүтээлээр, гуравдугаар байрыг Хөвсгөл аймгийн Gerel Media Agency нь “Бэлтэс мөрөнгийн хор хөнөөлт хуурамч мэдээлэл хэрхэн өрнөсөн бэ?” сэдэвт бүтээлээр тус тус эзэлсэн.  

Бүтээлийн уралдааны нийт шагналын сан цаашид хуурамч мэдээллийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхээр 12 сая төгрөгийг бүрдүүлсэн ба нэгдүгээр байр таван сая, хоёрдугаар байр дөрвөн сая, гуравдугаар байр гурван сая төгрөгөөр шагнууллаа. “Баримт нэн тэргүүнд” сүлжээний нэрэмжит, хуурамч мэдээллийн эсрэг энэхүү уралдаан ийнхүү анхны жил шилдэг бүтээлүүдээ шалгарууллаа.

Уралдааны зорилго нь эрүүл мэнд, улс төр, эдийн засгийн салбаруудад хамгийн ихээр тархдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, хор хөнөөлтэй хуурамч мэдээллийг баримтжуулах, энэ талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх юм. 

Цаашид жил бүр уламжлал болгон Монголын баримт шалгах төв болон Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төв зохион байгуулахаар төлөвлөж байна.  

“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээ нь Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Монголын баримт шалгах төвийн санаачилгатайгаар 2023 онд сонгуулийн  үеэр тархдаг улс төрийн хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилготойгоор байгуулагдсан. Сүлжээний гишүүн байгууллагуудын хувьд хуулийн фирм, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг хангах зорилго бүхий иргэний нийгмийн байгууллагууд, орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сэтгүүл зүйн редакцуудаас бүрдсэн нийт 19 байгууллагатай.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe