Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Түүний дараа Байнгын хорооны бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батлах санал гаргав.
Нэгдсэн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэж байх хооронд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангасны дараа өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцэслэн батлахаар тогтов.
Мөн “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь дэмжиж батлав.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найрууллагыг танилцууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжин, баталлаа.
Тус хуультай хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх