Өвлийн тэргүүн сарын 25-нд шарын шашныг үндэслэгч Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж, нууц тарнийн онцгой эрдмийг олж нирваан дүр үзүүлсэн гэгддэг.
Жил бүр тус өдрийг бурханы шашинтнууд "Зулын 25-ны дүйчэн өдөр" хэмээн тэмдэглэдэг уламжлалтай.
"Дүйчэн" гэдэг нь онцгой тэмдэглэлт өдөр гэсэн утгатай.
Жанрайсигийн урд талбайд өнөөдөр 15.00 цагаас гал тахих үйл болно. Энэ зан үйлийг Монгол хэлээр унших нь энэ жилийн онцлог юм.
Энэ талаар МБШИС- ийн багш Б.Соронзонболд лам "Хамба номун хаан Д.Жавзандорж ламтан ширээнд залрахдаа МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн хурал номоос тодорхой уншлагуудыг Монголоор уншина гэсэн уриалга өрнүүлээд тэр ажил маань үе шаттай хэрэгжиж байна. Гал тахих судрууд Монгол бичгээр ч төвд хэлээр ч туурвисан олон янзын судрууд байгаагийн дотроос бид бүхэн Монгол ламын зохиосон гал тахилгын судрыг сонгож аван орчуулаад олон нийтээр уншихад бэлэн болоод байна" хэмээсэн байна.
Мөн гал тахилгын зан үйлийг Жанрайсиг дацангийн лам хурвагууд голлон хийнэ. Бурханы шашинд энэ зан үйлийн учир холбогдлыг юу гэж үздэг вэ гэдгийг тайлбарлая.
Зүгийг тэтгэгч 15 тэнгэр бий гэж үздэг түүний нэг тэнгэр нь галын тэнгэр юм. Зүүн урд зүгт морилж, галыг эрхшээлж галд оршиж байдаг гэж үздэг. Эдгээр 15 тэнгэрт ном эрдэмд нь барцад саадгүй байх, мөн энэ насанд өвчин зовлон тэргүүтэй янз бүрийн саадаас хамгаалж байхыг даатгаж ирсэн уламжлалтай гэв.
Гал тахилгын зан үйлийн гол агуулга, дараалал:
- Амирлуулах үйл даатгалд Монгол орон нийтээрээ янз бүрийн өвчин зовлон, хэрүүл тэмцэл, хямрал тэргүүтэй харшлах шалтгаан муу зүйлийг амирлуулж байхыг даатгана.
- Дэлгэрүүлэх үйлд нас буян хишиг яруу алдар, алив сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хайрлахыг даатгаж байдаг.
- Эрхэнд хураах үйлд- өөрийн санасан бодсон үйл хэрэг тэр бүхэнд хурж ирэхийг сэтгэж бодож даатгадаг
- Хатуу үйл- янз бүрийн хэл ам тэргүүтэй хатуу үйлийг дарахыг даатгадаг.
Нийт сүсэгтэн олныг идэвхтэй оролцож, монгол хэлээр дагаж унших боломжтой хэмээн Гандантэгчэнлэн хийдээс мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх