Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож байна

Ц.Чимэдцэеэ
2024-11-25

Монгол Улс Анхдугаар Үндсэн Хуулиа баталсны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд өнөөдөр (2024.11.25) “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Мөн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн иргэдэд төрийн дээд одон, медал гардуулж байна.

Их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээл орсон. 

Түүхэн өдрийг тохиолдуулан маргааш (2024.11.26) бүх нийтээр амарна.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж байв.

Анхдугаар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргаж,  тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ. Улмаар 1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино" хэмээн заасан байдаг.

Уг ажлын хэсэг Орос, Америк, Япон, Бельги зэрэг улс орны Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Балингийн Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын худалдааны төв гудамж. 1926 он.

                        /гэрэл зургийг Альберт Канн/

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталж байсан түүхтэй юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe