Ц.Баатарсайхан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болохын тулд Хаан банкийг ашиглаж байна уу

.Graph
2024-11-28

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сунгаа UG Arena-д болж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сунгаанд нийт 9 нэр дэвшигч өрсөлдөж буй. Тэдний дунд Монголд хамгийн олон бизнес эзэмшдэг эрхмүүдийн нэг болох Ц.Баатарсайхан өрсөлдөж байгаа нь олон хүний анхаарлыг татав. Түүний хувьд махны бизнесээс эхлээд томоохон банк хүртэл эзэмшдэг нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, түүнийг зарим бизнесээс гар, савраа тат гэх нь бий. 

Тэгвэл Ц.Баатарсайханы хувьд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болохын тулд Хаан банкийг ашиглаж байна уу гэх хардлага төрүүлэхүйц мэдээлэл манай редакцад ирлээ. 

Тодруулбал, Ц.Баатарсайхан нь 2024 оны 11-р сарын 27-ны өдөр Хаан банкны Хүүхдийн 100-д байрлах Сөүл оффист 15.00 цагт “2025 оны эдийн засгийн төлөв байдал” сэдэвтэй уулзалтыг бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулсан байна. Хамгийн гол нь, энэхүү уулзалтын урилгад бизнес эрхлэгчид хэмээн ерөнхий нэрээр бичсэн боловч Хаан банкнаас зээл авсан болон муу зээлтэй хүмүүсийг дуудаж уулзсан байж болзошгүй аж. 

Тус банк нь 2022 онд 4187 ААН-д, 2023 онд 4635 ААН-д, 2024 оны эхний хагас жилд 5637 ААН-д зээл олгожээ. Гэтэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд саналын эрхтэй оролцдог 1395 байгууллага байдаг. Өөрөөр хэлбэл, саналын эрхтэй 1395 байгууллагаас нь хэд нь Хаан банкны зээлдэгч вэ гэдэг тодорхойгүй ч Ц.Баатарсайхан тэдний саналыг авахын тулд Хаан банкны зээлээс тодорхой хэмжээгээр хөнгөлөх асуудал яригдсан байж болзошгүй байна. 

Энэ мэдээллийн мөрөөр бид Хаан банкнаас тодруулахад “2025 оны эдийн засгийн төлөв байдал сэдэвтэй уулзалтыг зохион байгуулсан. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. 

Хаан банкны хувьд 2024 онд Банкны хуулийн дагуу нээлттэй хувьцаат компани болсон билээ. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол, Хаан банк нээлттэй хувьцаат компани болчхоод групп компанийнхаа сонгуульт ажилд туслахын тулд ийм болчимгүй үйлдэл хийх нь хэр зохимжтой вэ гэх асуултыг асуух нь зүй ёсных юм. 

Танхимын ерөнхийлөгч болох нь ямар ашигтай вэ?

Өмнөх ерөнхийлөгчийн сунгаануудад дунджаар 5 орчим хүн өрсөлддөг байсан бол энэ жилийн сунгаанд ийм олон хүн өрсөлдөж байгаа нь МҮХАҮТ-ын хууль 2024 оны 6-р сард шинэчлэгдсэнтэй холбоотой. Хууль шинэчлэгдэхээс өмнө танхимын Ерөнхийлөгч нь бэлгэ тэмдгийн шинжтэй, бизнесийн эрх ашгийг хамгаалахад дуу хоолойгоо өргөдөг, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг төр засгийн хүрээнд шийдвэрлүүлэхийн төлөө ажилладаг байсан. 

Харин хууль шинэчлэгдсэнээр МҮХАҮТ нь илүү эрх мэдэлтэй болсон юм. Тодруулбал, төрөөс бизнестэй холбоотой аливаа шийдвэр гаргах, татвар хураамжийг зохицуулах, орд газруудыг ашиглах зэрэгт танхимаас санал өгч болохоор болсон. Ялангуяа, хууль боловсруулахдаа бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн хэлэлцүүлж, тусгадаг болсон. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe