Намрын чуулган үргэлжилж байна.
ТББХ хуралдаж, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан 51 гишүүний гарын үсэг бүхий Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй хэмээн шийдлээ.
Үргэлжлүүлэн тус байнгын хорооны “дэмжээгүй саналыг дэмжих” томъёоллын ард Ерөнхий сайдыг огцруулахгүй агуулгаар нэгдсэн чуулганд санал хураах байв.
Гэтэл энэ нь Үндсэн хуулийн зөрчилтэй үйл ажиллагаа хэмээн нэр бүхий гишүүд ирцэнд орохоос татгалзаж, чуулган хуралдсангүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “...УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн...” тохиолдолд Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцох тухай тусгасан.
Тэгвэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн тусгасан ч 101.4-т “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно” гэсэн буюу өнөөдөр үүссэн шиг Ерөнхий сайдыг огцруулахгүй агуулгаар санал хураахад хэрхэх талаар зохицуулаагүй.
Учир нь дээр дурдсан Үндсэн хуулийн “нийт гишүүний олонх” хэмээх заалт нь 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан ба засаглалын тогтворгүй байдлаас сэргийлэн ийнхүү Засгийн газрыг огцруулахад өндөр босго тогтоосон хэрэг юм.
Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдахад УИХ-ын нийт гишүүдийн ирц бөгөөд огцруулах хүсэл зориг давамгай байх ёстой гэсэн үг. Харин өнөөдөр уг агуулга бүхий Үндсэн хуулийн заалтыг үгүйсгэх буюу зөрчих нөхцөл үүссэн байна.
Учир нь нийт гишүүдийн олонх болох 64 гишүүн огцруулах саналд хүрч байж Ерөнхий сайдыг огцруулах ёстой Үндсэн хуулийн заалт урвуу ашиглагдаж, ийм тооны санал хүрээгүй эсвэл чуулганы ирц бага байхад Ерөнхий сайд огцрох боломжтой болсон юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан нар уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Ийнхүү улс төрийн сандал суудлын төлөөх элдэв заль энгийн логикоос хальж, Үндсэн хуулийн цэц рүү дэвшжээ.
Сэтгэгдэл үлдээх