Бид том биш ээ...
Монгол Улсын нөхцөл байдал тийм ч аятайхан биш байгаа энэ үед төр нь жижигдэж аар саар хэрүүл хийсэн өдрүүд үргэлжилж байна. Нөхцөл байдал аягүй байгааг надаар тоочуулалгүй та бүгд мэдэрч байгаа байх. Хоёр том улсын дунд байдаг бид хойд талаасаа шатахуунаа боолгуулж, урд талаасаа хилийн хязгаарлалтаар шахуулсан байдалтай тулгарав. Нэгэнт хоёр засгийн хооронд байгуулсан шатахуун нийлүүлэх гэрээтэй учраас шууд тасалж чадахгүй төмөр замаа засаж байгаа нэрийдлээр хойд хөрш шатахууны нийлүүлэлтээ удаашруулж дор байсан байдал дорд болж хувирсан. Энэ байдлаа яая даа гэж байтал урд хөрш нь Гашуунсухайтад байдаг боомтдоо урсгал засвар хийж байна гээд хилээр гардаг байсан тээврийн тоог гурав дахин багасгаж хязгаарлалаа. Эдийн засгийг ганц чирдэг нүүрсний экспорт нь өнгөрсөн наймдугаар сараас хойш тасалдаж байхад засгийн газар биднээс нууж явсан гэхээр аймшигтай. Яалт ч үгүй ил болоод ирэх үед хятадын хилийн боомт урсгал засвартай байгаа гэсэн гээд сууж байгаа нь бас эмгэнэлтэй. Нэг улсын эдийн засгийн урсгал болдог боомт дөрвөн сар урсгал засвар хийдэг л юм байлгүй дээ. Бид гадагшаа ийм л жижигхэн юм байж дотооддоо том царайлж, тогоон дотроо хэрэлдэж суусаар хоёр жилийг үдлээ.
Дүр нь солигдсон хэрүүл...
Анх МАН-ын хуваагдал Л.Оюун-Эрдэнэ улс төрийн ах У.Хүрэлсүхтэйгээ маргалдсанаар эхэлсэн гэдгийг хүн бүхэн мэддэг болсон. Ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй хүн учраас У.Хүрэлсүх улайм цайм тэмцэлд орж чадахгүй байв. Л.Оюун-Эрдэнэ харин муу, сайн ч улсын Ерөнхий сайд байсан юм болохоороо гаргаж, оруулаад л явсан. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гол дүр нь болж гарч ирсэн тэр тэмцэл хэсэг өөр хүмүүсээр төөрч яваад одоо эргээд энэ хоёр хүн дээр ирж байх шиг байна. Я.Содбаатарыг хор хутгаж намын нэгдлийг салгах гол ажлыг хийдэг хэмээн ярьж байсан Д.Амарбаясгалан өнөөдөр Г.Занданшатар намыг дотор нь хуваах ажлыг идэвхтэй хийж байна гэж ярив. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ч тэр Д.Амарбаясгалан ч тэр яг ийм зүйл яриад байгаа. Ах нар дунд нь хор гүйлгэж хагаралдуулах эхлэлийг тавьсан. Түүнээс биш бид одоо ч нэг зүгт хараад явахад бэлэн гэж. Нөгөө талаас харин дүү нар нийлж төрийн эрхийг гартаа авах гэж байна гэсэн хардлагатай. Д.Амарбаясгалангийн өнөөдрийн хэлсэн үгэнд бас нэг анхаарал татах өнцөг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэглэмийн хаан болсон гэж Х.Нямбаатар ярьсан талаар асуухад “Одоохондоо би үүнийг яримааргүй байна” гэх үг. Дээр бичсэнчлэн тэдэнд хүлээлт байна. Тэр хүлээлт нь эргээд нийлэх орон зай байгаа гэж бодсонд байх шиг. Хэрвээ Ерөнхийлөгчтэй тохиролцчихвол тийм зүйл ярихгүй. Харин байдал энэ хэвээр үргэлжилбэл ярих өдөр ирнэ гээд ч байгаа юм шиг. Д.Амарбаясгалан ба түүний нөхөд зөөлөн царайлчхаад иртэй хутга ардаа нуучхаад зогсоод байна уу. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх замаа засахын тулд тэдэнд нүүр өгөхгүй зогсолтгүй шахаад байна уу. Д.Амарбаясгалангийн яриагаар хор хутгадаг хүн нь ганц Я.Содбаатар биш болж таарлаа. Улс төрд эргэн ирэх учраа олж өгөхгүй байгаа Г.Занданшатар бас тийм ажил хийдэг юм байх.
Ярдаг нохой...
30-ийн талын таван гишүүнийг намаас нь хөөж МАН Ардчилсан намтай эвслийн засгийн газар байгуулна гэж isee.mn-д бичсэн байв. Эрүүл ухаанаар бодвол аль алийнх нь хувьд байж болохгүй улс төр. Ардчилсан нам ахиад эрх баригчдын үгэнд уярвал ирэх хоёр сонгуулийг зүүдлээд ч хэрэггүй. МАН ахиад Ардчилсан намтай эвсвэл дотоод улс төрөө дийлэхгүй Н.Учралын засгийн газар удахгүй унана. Одоогийн байдлаар Н.Учрал нөгөө талаа буланд шахчихсан сууж байгаа. Ардчилсан нам болон Л.Оюун-Эрдэнэ нарт хүсээд байгаа бол намайг огцруул тэгээд би УИХ-ыг чинь тараагаад өгье гэж шууд хэлээгүй ч үйлдлээрээ үзүүлчихсэн учраас. Л.Оюун-Эрдэнийн талаас галтай дуугарч байгаа ганц хүн нь гадаадад орогнолоо хүлээгээд суугаа Х.Нямбаатар. Ярдаг нохой шиг л хавийн амьтан руу дайрч намайг та нар яаж чадах юм гэсэн хандлагатай байгаа. Энд улс төр цэгцдээ орвол хэзээ мөдгүй ирэхэд бэлэн. Нөхцөл байдал хэцүүдвэл тэндээ хэсэг бүгнэ. Түүний өнөөгийн байдал үүнээс хэтрэхгүй. Гэхдээ л энд байгаа хэддээ их л дэм болж байгаа чааваас. Хэлж чадахгүй байгаа үгийг нь тэндээс хэлээд. Даан ч өөрийнх нь гэм ярьж байгаа зүйлээс нь хэтэрхий өндөр учраас түүнийгээ давж орилж чадахгүй юм. Монголын топ үзэн ядагчтай улс төрчдийн нэг шүү дээ.
Ямартай ч нэг хэсэг гал авалцаад байсан улс төр одоохондоо намжиж хэн хэнийгээ ажсан байдалтай болж ирлээ. Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ элч.мн сайтад өгсөн ярилцлагадаа хүртэл үүнийгээ хэлсэн байсан. “Би улс төрийг ажиглаж байна” гэж. Одоо тэгэхээс ч яах вэ. Улс төр талаасаа ч, олны хэл ам талаасаа ч оноо арай дутуу яваад байгаа юм чинь. Угтуулж цохих хүмүүс нь тэд шүү дээ. Тэдний эвлэхгүй байгаа гол шалтгаан нь Г.Занданшатар болж тэмцэл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэх хоёр хүний дүрээр эхэлж байсан шиг ээ эргээд тэдний дүрээр үргэлжлэх нь ээ. Гэхдээ Г.Занданшатар байгаа цагт эргэж эвлэх боломжгүй ч юм шиг. Эвлэхгүй байгаа нүхэнд Г.Занданшатарын дүрсийг Ерөнхийлөгч хүчээр тааруулах уу, Эвлэдэггүй дүрсийг дүү нараараа солих нь уу. Харж л байя даа.
Сэтгэгдэл үлдээх