“Гэрэлт” төсөл Чингэлтэй дүүргийн 4 сургуульд гэрэл асаана

Д.Халиунаа
2026-10-28

Улс орны тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны үндэс нь ирээдүй хойч үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэнд болон тэдний аюулгүй байдал юм. Монгол Улсын хүн амын 45 хувийг хүүхэд, залуучууд бүрдүүлж буй бөгөөд эдгээр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдал улс орны тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны үндэс юм. 

2025 оны судалгаагаар амиа хорлох эрсдэлтэй суралцагчдын хувь 38.9 хувьд хүрч, сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхдийн эзлэх хувь өсжээ. Түүнчлэн жилд дунджаар 3500 гаруй өсвөр насны жирэмслэлт бүртгэгддэг байна. 

Иймд “Оюу толгой” компани эдгээр тоог бууруулахад дэмжлэг үзүүлж эрүүл, аюулгүй ирээдүйг бүтээлцэх зорилгоор олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсний нэг нь “Гэрэлт” төсөл юм. 

“Гэрэлт төслийн” гол зорилго нь өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүй болон бие бялдрын эрүүл мэндийг цогцоор нь дэмжихэд оршино. Уг төсөл нь зургаан жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэлийн хэмжээнд суурь судалгаа хийсний үндсэн дээр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сургуулиудад амжилттай хэрэгжүүлээд байна. 

Чингэлтэй дүүрэгт гэрэл асаана

Чингэлтэй дүүрэг нь өсвөр насны охидын төрөлт, үр хөндөлт, амиа хорлолтоор нийслэлийн хэмжээнд дээгүүр бичигдэх болсон тул энэ хичээлийн жилд “Гэрэлт” төслөөр дамжуулан тус дүүргийн 23, 49, 50, 149 дүгээр дөрвөн сургуульд гэрэл асаах ажлыг эхлүүллээ. 

2026-2027 оны хичээлийн жилд хүүхэд хамгаалал, сэтгэл зүй болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийн үндсэн ажлуудаас гадна хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг цогцоор нь дэмжих хоёр чухал шинэ чиглэлийг нэмжээ.

  • Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийлэлд өртсөн кейсүүдэд зөвлөгөө өгөх мэргэжлийн өмгөөллийн үйлчилгээ
  • Оюуны болон хувь хүний төлөвшилд нь хөрөнгө оруулах зорилгоор сургуулиудын номын санг баяжуулах “1000 ном” хөтөлбөрийг “Непко Кидс”-тэй хамтран хэрэгжүүлэх юм.        

Ирээдүйд тулгарч буй сорилт

“Гүүд Нэйборс Монгол” ОУТББ-с хийсэн PHQ сэтгэл гутралын илрэлийн үнэлгээгээр судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 70.3 хувьд хөнгөн болон түүнээс дээш түвшний сэтгэл гутралын шинж илэрчээ. 

  • Өсвөр үеийнхний 74 хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг үе тэнгийнхнээсээ авдаг гэх тооцоо гарчээ. 
  • Дөрвөн сурагч тутмын нэг нь хүчирхийллийн ямар нэг хэлбэрт өртдөг бөгөөд тэдгээр нь ихэвчлэн зохих дэмжлэг, хамгааллын тогтолцоонд хүрч чаддаггүй байна.  
  • Түүнчлэн сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал ахлах ангийн сурагчдаас илүүтэй дунд ангийн сурагчдын дунд түгээмэл болж байгаа байна. 

Зургаан жилийн үр дүн

Гэрэлт төслийн өнгөрсөн зургаан жилийн үр өгөөжийг нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 25 сургуулийн 71 мянга гаруй хүүхэд, багш, эцэг эх хүртээд байна. Энэ хугацаанд:

  1. 25 сургуульд 50 жишиг сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ногоон танхим хүлээлгэн өгчээ. 
  2. Сэтгэл зүйн эрсдэлтэй 622 кейсийг цаг алдалгүй илрүүлжээ.
  3. 643 “Үе тэнгийн зөвлөгч” бэлтгэжээ.
  4. Жиү Жицүгийн 5 клуб нээжээ. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe