Чи юу гээд байгаа юм бэ

Б.Энхтулга
2026-10-27

Канад улс руу сурах гээд явсан гэх Х.Нямбаатарын үг үнэн биш байх магадлалтай болоод явчихлаа шүү. Уг нь яриад байгаа шиг ээ хийсэн гэм байхгүй учраас хэзээ нэг өдөр ирээд шалгуулна гэж бодож байв. Тэгсэн ойрын 4-5 жилдээ ирэхээргүй болж байх шиг. Улс төрийн дарамтад орж нутаг буцах боломжгүй гэж Канад улсаас орогнол хүсэл заль хийж байгаа гэж ЕТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг ярив. Гадаадад цагаачлалын албанд материал өгч байсан хүмүүс гадарлах байх. Улс төрийн хэргээр орогнол хүсвэл илүү хурдан шийдэгдэх боломжтой байдаг. Ялангуяа АНУ-д харлаж байгаад цагаачлал хүссэн хүмүүс тэр аргыг маш сайн мэднэ. Хэвлэл, мэдээллээр гарсан улс төрийн тэмцлийг өөртэйгөө холбоотой гэх баримт бүрдүүлэн эргэж очих юм бол амь насанд нь аюултай хэмээн цагаачлалын албанд итгүүлэх. Тийм аргаар цагаачилсан ганц нэг сэтгүүлчдийн түүхийг ч сонсож байлаа. Х.Нямбаатар харин хийсэн хэргээсээ зугтаж Канадад орогнох шийдвэр гаргаж байгаа бололтой.

Сүүлийн хэдэн өдөр Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хаан болсон гэж шүүмжлээд л яг энэ чиглэлээр Ерөнхийлөгчийг шүүмжилж бичдэг миний муу жижигхэн эгог ихээ тэжээв ээ. Тэгсэн мань хүн цагаачлалын албанаас орогнол хүсэх гээд л тэгсэн болж таарлаа. Зальтай юм болохоор У.Хүрэлсүхтэй угаас Л.Оюун-Эрдэнэ таарамж муутай байгаа юм чинь У.Хүрэлсүх рүү дайрч найзынхаа тэмцэлд ч хувь нэмэр оруулаад, өөрөө хажуугаар нь орогнол хүсэх материалаа ч бэлдчихнэ гэж тооцож. Дэглэмийн хаан гэж цоллосон самбар дээр өрсөн зургуудыг холбоо, хамааралтай нь яривал орогнол хүсэх том баримт, нөгөө талдаа монголын сошиалыг тэжээх хов. 

Нөгөө У.Хүрэлсүх нь яг дэглэм тогтоочхоогүй ч тогтоох сонирхол байгаа гэдгийг хийсэн богино бичлэг, хэлсэн үгээс нь анзаарч болохоор. Үнэний туйл хүн байна шүү дээ та хүн гүтгээд байгаа юм биш үү гэж Х.Нямбаатарын материалыг нь буцаахад хэцүү. Аа харин орогнолгүй болчихвол цааш өрнөх нөхцөл байдал Х.Нямбаатарт хэцүүхэн гэдгийг ойлгож байгаа байх. Утасны цаанаас л том том дуугараад байгаа болохоос биш. Хашаан дотроос гадагшаа хуцаад байдаг нохойны хаалгыг нь онгойлгочихоор дуугүй болж бантаад өөр юм хийгээд байдаг шиг л юм болох биз. 

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Х.Нямбаатар. Who is next?

Улс төрийн хэрэгт сэжиглэгдээд оргон зайлсан хүмүүс нэгээр тогтохгүй. Бидний хамгийн сайн мэддэг нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар байлаа. Одоо Х.Нямбаатар нэмэгдэж байна. Ц.Элбэгдорж АНУ-аас Л.Оюун-Эрдэнийн дарангуйлал дууссан хойно наадмаар ирж өөрийгөө буруугүй гэж харагдуулаад буцаад алга болсон. Одоогийн Ерөнхийлөгчтэй хэрэг наймаалсан гэж олон хүмүүс ярьдаг. Х.Нямбаатар ч гэсэн самбар дэлгэж тавьж байгаад чичлээд сууж байгаа харагдсан. Харин Ч.Сайханбилэг одоо болтол АНУ-даа байж л байгаа. Эргэж ирэх юм бол гарцаагүй 461-р ангийн хаалгыг татах гээд байгаа болохоор. Түүнийг оролцуулах улс төрийн өрнөл одоохондоо гарахгүй байна л даа. Мань хүн ч өөрөө тийм нөлөөтэй улс төрч байсан биш. Хамгийн залуу, царайлаг Ерөнхий сайд, "Дубай"-н гэрээ гэсэн л улс төрийн имижтэй хүн. Магадгүй ирэх хоёр сонгуулийн аль нэгийнх нь өмнө хийсэн хэрэггүй болоод гараад ирэхийг үгүйсгэхгүй. Барьцаатай. Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “5ш” ажиллагааны “Шувуу ажиллагаа”-ны гүйцэтгэгч хийж Т.Бадамжунайг сүр дуулиантайгаар баривчилж байсан Х.Нямбаатар тэр ажиллагаандаа өртөх дараагийн хүн нь өөрөө болчхоод сууж байна.

Ямар ч хэрэг хийгээгүй, хамааралгүй байсан бол энэ гурван хүн ясаа цайтал үзнэ гээд эх орондоо сууж байх байсан биз. Энэ гуравтай ижил улс төрийн хэрэгт холбогдсон ч хийсэн гэмгүй гэдгээ шоронд орж хүртэл шалгуулсан хүмүүс С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяраас эхлээд байж л байна. Одоо нэг нь Шадар сайд нөгөөх нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга үлдсэн нь гэрээсээ улс төрд оролцоод сууж байгаа. Ямар ч байсан гэмгүй гэдгээ нотолчихсон энэ гурван хүн Х.Нямбаатарын дэргэд хашсан алба, гаргасан шийдвэртээ эзэн болж хийсэн хэрэггүй гэдгээ нотолчихдог эр хүмүүс юм. Х.Нямбаатар харин харь орноос худал, үнэн нь мэдэгдэхгүй холбож тавьсан хэдэн зураг ярьж, хэрүүл хийхээс өөр чадах юмгүй эр байж. Хуулийн сайд гурван жил, 1,5 сая хүн амтай нийслэлийг хоёр жил гаруй удирдсан хүн байна нэрээ бодож шалгуулах байлгүй дээ гэж харуулдан сууя даа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe